1. Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр
Жил бүрийн энэ өдрийг манай гараг даяар “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд Коронавирус (Covid-19) цар тахлын улмаас дэлхийн улс орнууд дархлаажуулалтын вакцины аянг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улс орнууд чанарын аюулгүй байдлыг хангасан вакцинаар ард иргэдээ дархлаажуулах нь нэн чухал байгаа тул олон улсын гэрээ -Монреалийн протокол, түүний Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүн нь бидэнд хоол, хүнс, вакциныг аюулгүй хадгалах эрчим хүчний үр ашигтай хөргөлтийн хэлхээгээр хангаж байна. Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтөөр озон задалдаг бодисыг орлуулан хэрэглэж буй дэлхийн дулааралд нөлөө бүхий гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC)ийн төрлийн бодисуудыг бууруулах боломжийг бий болгосон.
Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол нь 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анх 24 орон гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болж, НҮБ-аас тухайн өдрийг “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр” болгон тунхаглажээ. Өнөөдөр тус Протокол болон түүний эх конвенц болох Озоны давхаргыг хамгаалах Венийн Конвенц нь 198 орон буюу Дэлхийн бүх улс орон нэгдэн орсон анхны гэрээ юм.
2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Монреалийн Протокол хүн төрөлхтөн, хоол хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, вакцины хөргөлтийг хангах байна!” (Keeping us, food, vaccine cool!) сэдвийн дор Дэлхийн озоны өдрийг онцлон тэмдэглэж байна.
2. Вакцин, эм тарианы хөргөлт
Дэлхий нийтээр тархаад байгаа Ковид-19 цар тахалтай тэмцэх гол хэрэгсэл бол вакцин болж байна. Иймд Монреалийн протоколоор зохицуулагдаж байгаа хөргөх бодис ашигладаг хөргөлтийн хэлхээ нь вакциныг зохистой температурд аюулгүй хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэж байна. Вакциныг +2C-аас +8C-д хадгалах, зөөж тээвэрлэх ёстой ба эрүүл мэндийн салбарын ажилтанууд вакцины температурыг үргэлж хянан, бүртгэл хөтлөх үүрэгтэй байдаг. Эм ханган нийлүүлэх байгууллагууд мөн зарим төрлийн эмийг зохистой температурд хадгалах шаардлагыг онцолдог. 2021 оны 2-р улирлын байдлаар Монгол улсад нийт 157 ширхэг эмнэлэг, лабораторийн зориулалттай R600a, R290, R1150, R170 R50 зэрэг хөргөх бодисуудыг агуулсан хөргөх, хөлдөөх төхөөрөмжүүд импортлон нийлүүлсэн байна.
3. Хүйтэн хэлхээний технологиуд
“Хүйтэн хэлхээ” нь хөргөсөн бүтээгдэхүүн худалдааны орчинд үйлчлүүлэгчийн гарт очих эсхүл хөргөлттэй тээврээр хүрэх газарт тээвэрлэх хүртэлх хоол, хүнсийг хадгалах шат дамжлагыг хэлдэг. Жимс, хүнсний ногоо хураах, эсвэл мал нядлахаас эхлэн бүтээгдэхүүн мууддаг бөгөөд энэхүү үйл явцыг бүтээгдэхүүн хадгалах температурыг бууруулснаар удаашруулдаг. Хүйтэн хэлхээ нь дэлхий даяар хүнсийг аюул багатайгаар тээвэрлэх боломжийг олгодог.
Дэлхий даяар 400 орчим сая тонн хүнсний бүтээгдэхүүнийг хөргөн хадгалдаг ба нийт 600 сая м3 хэмжээтэй хөргөлттэй агуулах оршдог. Олон улсын хөргөлтийн байгууллагын (IIR) мэдээлж буйгаар дэлхий даяар нийт ашиглаж буй хөргөлт, агааржуулалт, дулааны шахуургат системийн тоо нь 3 тэрбум ба үүнээс 1.5 тэрбум ахуйн хөргөгч, хөлдөөгч, 90 сая худалдаа, нийтийн хоолны хөргөх хөлдөөх төхөөрөмж (хөргөлтийн гадна машин, тавцан, лангуу, шүүгээ мөн хөргөлтийн иж бүрдэл)-ийг ашиглаж байна. Үүнээс гадна уг тоо хэмжээнд хөргөлттэй машинууд (ачааны автомашин, чингэлэг, хагас чиргүүл), 1.2 сая хөргөлттэй хөлөг онгоц, 477,000 супермаркетийн хөргөлттэй машин багтах ба 500-20,000 м2 хүртэлх талбайн ашиглалттай бөгөөд үүнд зарцуулж буй эрчим хүчний 45 %-ийг хөргөлтийн тоног төхөөрөмж эзэлж байна. Дэлхий даяар дараах хүйтэн хэлхээний технологиудыг нэвтрүүлэн ашиглаж байна.
I. Хүйтэн зоорь ба хөргөх агуулах
Үйлдвэрийн хөргөлтийн салбарт хүнсийг тохиромжтой температурд олон сараар хөргөх, хөлдөөх агуулахуудад хадгалах боломжтой бөгөөд хөргөх агуулах нь -1-12 C-д, хөлдөөх агуулах нь -18 C-д тус тус ажилладаг билээ. Хүйтэн агуулахуудад нь эрчим хүч ихээр хэрэглэх бөгөөд түүнийг багасгах эсвэл эрчим хүчний бага тарифтай цагаар ажиллуулж, хөргөх агуулахуудын зардлын нүүрсхүчлийн хийн шууд болон дам ялгарлыг бууруулах боломжтой. Судалгаагаар хүйтэн агуулахын цахилгаан эрчим хүчний 60-70%-ийг хөргөлтөнд зарцуулдаг. Хөргөх агуулахад хөргөх бодисыг алдах нь мөн дам ялгаралд нөлөөлөх бөгөөд дэлхийн дулааралд нөлөөлөл багатай хөргөх бодисыг одоогийн зах зээлд ашиглах асуудлыг хөнддөг. Үйлдвэрлэлийн хөргөлтөөс (хөргөх агуулахыг оруулан) жил бүр 8%-ийн хөргөх бодисыг агаарт алддаг гэсэн судалгаа бий. Техникийн ажилтанууын чадамж, мэргэшлийг дээшлүүлэн сургах нь хөргөх бодис алдах эрсдлийг бууруулах боломжтой юм. Дам ялгарал нь эрчим хүчний зарцуулалтаас үүсэх ба үүнийг сайн арга барил, үр ашигтай тоног төхөөрөмж, сэлбэгээр дамжуулан шийдвэрлэх боломжтой.
II. Худалдаа, нийтийн хоолны, хөргөх төхөөрөмж, ахуйн хөргөгч хөлдөөгч
Худалдаа, нийтийн хоолны хөргөх төхөөрөмж, ахуйн хөргөгч хөлдөөгчийг хоол, хүнсийг худалдааны цэгүүдэд хадгалах эсвэл хэрэглэгч худалдан авах хөргөлтийн хэлхээний эцсийн үе шатуудад ашигладаг. Худалдааны хөргөлт нь хэрэглэгч лангуун дээрээс худалдан авалт хийх боломжтой супермаркет, нэрийн дэлгүүр, баар, ресторануудыг хамрах ба хөргөгч -1-5C-д ажиллах, хөлдөөгч -15C-т ажиллах ёстой. Энэхүү хөргөх хэлхээний төрөлд температурыг тааруулах, эрчим хүчийг бууруулах гэсэн үндсэн асуудлууд үүсэх хэдий ч эрчим хүчийг дээрх арга барилыг ашиглан бууруулах боломжтой гэж судлаачид үзэж байна.
III. Хоол, хүнс үйлдвэрлэлтийн хөргөлт
Хэрэглэгчид нь тээвэр, худалдаа, ахуйн хөргөгчтэй холбоотой хүйтэн хэлхээг гол төлөв ашигладаг. Гэвч хөргөлтийг түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүнийг хадгалах, хоол, хүнс боловсруулах хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрт өргөнөөр ашиглана. Ялангуяа боловсруулсан хоол, хүнсэнд агуулагдах хүнсний бичил биетэн, шим тэжээлт чанарыг хадгалахын тулд хүнсийг заавал хөргөж хадгалах шаардлагатай. Энэ ангилалд түргэн хөргөх, хөлдөөх технологийг шинээр нэвтрүүлсэн ба түргэн хөлдөөх (supercooling) нь хөлдөх температураас бага хэмд мөс тогтоолгүйгээр хөлдөөдөг ба түргэн хөргөх (superchilling) нь хөлдөх температураас бага хэмд хүнсийг хагас хөлдөөдөг арга юм. Энэ ангиллын хөргөлтийн хэлхээнд тулгарч буй асуудал нь үр ашигтай эрчим хүчээр ажиллаж, байгаль орчинд бага нөлөөлөх, аюул багатай (жишээ нь шатамхай, хортой) хөргөх бодисыг сонгон ашиглах асуудал юм. Монреалийн протоколын дагуу энэ ангилалд ач холбогдолтой өөрчлөлтүүд гарсан ба аж үйлдвэрийн салбарууд озоны давхарга, дэлхийн дулааралд нөлөөгүй хөргөх бодисоор ажиллах арга барил, технологиудыг нэвтрүүлж байна.
IV. Хөргөлттэй тээвэр
Цаг хугацааны аясаар температурын хасах хэмд хадгалах бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн ба түүнийг зохистойгоор хадгалах шаардлагын дагуу хүнсний тээвэрлэлт үүссэн. Хөргөлттэй тээвэрийг газар, далай, агаараар үйлддэг. Газрын тээвэр нь хамгийн олон төрөлтэй ба хөргүүртэй хагас чиргүүл, чингэлэг, том, жижиг оврын ачааны машинууд орно. Далайн тээвэрт голчлон хөргүүртэй чингэлэгүүд багтах ч хөргүүртэй хөлөг онгоц болон маш олон тооны загас агнуурын хөлөг онгоцнууд мөн байдаг. Хөргөлттэй агаарын тээврийн хугацаа богино ба температурын хяналт нь энгийн байдаг. Хөргөлттэй тээвэрлэлт нь үйлдвэрлэгчээс нийлүүлэгч рүү мөн дэлгүүрээс хэрэглэгчийн гэрт хөргөлттэй ачааны машинаар тээвэрлэх боломжийг олгодог. Сүүлийн 10 жилийн туршид супермаркетууд онлайнаар бараагаа хэрэглэгчийн гэрт хүргэх үйлчилгээг нэвтрүүлсэн ба энэ нь өрсөлдөөнийг үүсгэж олон тооны хөргүүртэй машиныг нэвтрүүлэх гол хүчин зүйл болсон юм.
4. Хүйтэн хэлхээ ба тогтвортой хөгжлийн зорилтууд
Хүйтэн хэлхээний салбар бол хамгийн чухал салбаруудын нэг ба цогц байдлаар анхааралдаа авах ёстой юм. Учир нь энэхүү салбар нь хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэнд, хөргөлт, тээвэрлэлт, аялал жуулчлал гэх мэт эдийн засаг, нийгэм, техникийн өөр өөр чиглэлүүдтэй холбогддог. Аливаа улсын ахуйн нэгжүүд байгаль орчинд бага нөлөө үзүүлэх, эрчим хүчний үр ашигтайгаар ажилладаг эдийн засгийн хувьд боломжийн хүйтэн хэлхээний технологийг сонгох талаар өөр өөр стандарттай бөгөөд нэгдсэн байдлаар чиглүүлэх нь чухал юм. Олон улсын хамтын нийгэмлэг нь 2015 оны 9-р сард 2030 он хүртэлх хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтуудын 2-р зорилт болох “Өлсгөлөнг тэглэх” зорилтыг биелүүлэхийг чухалчлан баталсан. Үүнтэй хамааралтайгаар “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал” ба “Хаягдал хүнс” үзүүлэлтүүд хүйтэн хэлхээний технологитой шууд холбогдох юм. Түүнчлэн 3-р зорилт “Эрүүл мэндийг дэмжих”, 9-р зорилт “Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх”, 12-р зорилт “Хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих”, 13-р зорилт “Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах” зэрэг мөн хамаарна. Иймд хүйтэн хэлхээний сорилтуудыг шийдвэрлэх нэгдсэн арга барилыг бий болгох нь эдийн засаг, хүрээлэн орчинд олон ашиг тустайгаар нөлөөлнө.
5. Озоны давхаргаа хамгаалахад иргэн Таны оролцоо
Аж ахуйн нэгж болон иргэд нь байгаль орчинд ээлтэй, дэлхийн дулааралд нөлөөлөл багатай бодис ашигладаг үр ашигтай хөргөлтийн төхөөрөмжийг сонгон хэрэглэх нь дэлхийн озоны давхаргыг хамгаалах, дулаарлыг бууруулахад чухал ач тустай юм. Энэ жилийн хувьд та НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагааг дэмжин, олон нийтийг уриалах зорилготойгоор зохион байгуулж буй Ази-Номхон далайн бүс нутгийн “Озон-уур амьсгал” уран бүтээлийн уралдаанд оролцох боломжтой юм. Уралдаан Озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Венийн конвенц, Монреалийн протокол, түүний Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн ололт амжилт, үйл ажиллагаа, ашиг тусыг харуулах сэдвийн дор 2 насны ангиллаар (15-аас доош насны хүүхэд, том хүн) 3 төрөлд (график дизайн, гар зураг, гэрэл зураг) зохион байгуулж байна. Монгол Улс үндэсний түвшинд ялагчдыг шалгаруулах ба шалгарсан ялагчид Ази, Номхон далайн бүсийн уралдаанд оролцох эрхтэй болох юм. Иймд та бүхнийг уралдаандаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
13 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.