БОАЖЯ: Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг гаргахаар ОХУ-тай хамтран ажиллаж байна

2021-09-20 Байгаль орчин

Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх ажлыг ОХУ-ын байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж байгаа “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага”-ын нээлт боллоо.

Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч хамрагдаж, онолын болон дадлага сургуулийг хамтран зохион байгуулна.

Энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар тусгай зориулалтын багаж ашиглан Хөвсгөл нуурын ёроолын болон живсэн автомашин техникийн байршлыг тогтоон, усны тусгай зориулалтын дрон төхөөрөмжийг ашиглан Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байрлалын зураглал гаргах төлөвлөгөөтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нээлтийн ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Эрэн хайх, аврах газрын шумбалтын ажиллагаа, усны бүсээс, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах тусгай зориулалтын хэлтсийн орлогч дарга Аникиев Алексей Васильевич нар оролцон сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэж албан ёсоор эхэллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.