Эрдэс баялгийн салбарт цахим шилжилт хийж буйтай холбогдуулан УУХҮЯ-ны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэвтэй ярилцлаа.
– Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар цахимжиж байгаа талаар сонссон. Цахим шилжилт хийх болсон шалтгаан юу байв?
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050”, Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх гол зорилтыг “Ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ” гэж тодорхойлсон.
Энэ хүрээнд салбар яамны зүгээс төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай болгох, салбарын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулах, ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор 2020оны 9 сард Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийг байгуулан Эрдэс баялгийн салбарынцахим шилжилтийн бодлогыг боловсруулан ажиллаж байна.
Нэн түрүүнд салбар яам болон АМГТГ, ҮГА-аас иргэд, ААН, төрийн холбогдох байгууллагуудад үзүүлж буй үйлчилгээний өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, уялдаа холбоог хангах, үйл ажиллагааг сайжруулах, нэг системд нэгтгэх, үүний тулд мэдээллийн системийн дэд бүтцийг хөгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгээр ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг дүгнэсэн.
Ингээд дээрх байгууллагуудын хамтаар 2021-2024 онд хэрэгжүүлэх цахим шилжилтийн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
– Цахим шилжилтийн хүрээнд ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлэх вэ?
– Нэн тэргүүнд том зургаараа Эрдэс баялгийн цахим засаглалыг хөгжүүлэх зорилгыг дэвшүүлсэн.
Нэгдүгээрт: Эрх зүйн орчныг сайжруулах. Энэ ажлын хүрээнд эрдэс баялгийн цахим засаглал үндэсний арга хэмжээ /хуучнаар хөтөлбөр/ боловсруулж 2021-2024 онд хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Үндэсний арга хэмжээ батлуулах суурь судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.
Хоёрдугаарт: Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн бодлого, төлөвлөлтөд нэгдэх. Эрдэс баялгийн салбарын мэдээллийн санг нэгдсэн 1 платфомд нэгтгэж, энэ платформоос ААН, иргэд, төрийн байгууллагуудад шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр яамны зүгээс салбарын бодлого боловсруулах түвшинд шаардлагатай, бодитой мэдээлэл, судалгааг хурдан шуурхай хүлээн авч, шийдвэр гаргалтад ашиглах юм. Мөн манай салбарын шаардлагатай мэдээллийг Сангийн яам, гааль, татвар зэрэг байгууллагууд албан бичиг бичих шаардлагагүйгээр шууд авч ашиглах боломжтой болно. Нэгдсэн систем ашигласнаар ААН-үүд төрийн бүх үйлчилгээг түргэн, шуурхай авах нөхцөл бүрдэнэ. ААН-үүдийн хайгуулын ажлын болон уулын ажлын төлөвлөгөө, тайланг 2016 оноос цахимаар авдаг байсан бол одоо тусгай зөвшөөрөл авахаас уурхай хаах хүртэлх /mine life cycle/ мөчлөгт шаардлагатай бүх үйлчилгээг нэгдсэн системээс авах боломжтой болно. Эдгээр шат дараалсан арга хэмжээнүүд нь өөр хоорондоо уялдаатай байх юм. Өнөөгийн байдлаар уулын ажлын тайлан, төлөвлөгөөг ТЭЗҮ-ийн системтэй холбох ажлыг Германы гео-шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны институт (BGR)төсөлтэй хамтран хийж байна. Цаашид энэ системийг Кадастрын болон УУХҮЯ, ҮГА-ны системтэй уялдуулан холбох ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ системийг ашигласнаар иргэд, төрийн бус байгуулагууд бодитой мэдээллийг түргэн, шуурхай авдаг болно. Ингэснээр салбарын талаар буруу, ойлголтгүй, хардлага төрүүлсэн мэдээллэл, хар сурталчилгаанууд багасах юм.
– Энэ систем төрийн үйлчилгээний E-mongolia платформтой яаж холбогдож байгаа вэ?
– ЗГ төрийн бүх үйлчилгээг E-mongolia-д нэгтгэхээр ажиллаж байна. E-mongolia-д нэгтгэх салбарын үйлчилгээний жагсаалтыг Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газарт хүргүүлсэн байгаа. Тус газраас нэн шаардлагатай төрийн үйлчилгээний жагсаалтыг хэрэглэгчийн судалгаанд үндэслэн гаргасан бөгөөд 2021 онд E-mongolia-д нэгтгэх ажлын жагсаалтад манай салбарын ажлууд багтаагүй. Иймд салбарын үйлчилгээнүүдийг 2022 оноос нэгтгэхээр хамтран ажиллаж байна. E-mongoliaплатформын онцлог нь системийн мэдээллийн сангаас автоматаар мэдээллийг татаж иргэдэд тухайн цаг хугацаанд гаргаж өгдгөөрөө онцлог. Энэ талаас нь авч үзвэл архивын лавлагаа, хайгуулын болон ашиглалтын ТЗ-ийн эзэмшигчийн тодорхойлолт, уулын ажлын тайлан, төлөвлөгөө ирүүлсэн, зөвшөөрүүлсэн зэрэг шүүх, цагдаа, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудад шаардлагатай лавлагааг гаргаж өгөх боломжтой. Харин зайлшгүй хуулийн хүрээнд мэргэжилтэн, зөвлөл шийдвэр гаргадаг төрийн үйлчилгээг энэ нэгдсэн платформоос авах боломжгүй. Иймд E-mongolia-д нэгтгэхээр төлөвлөсөн ажлуудаас гаднах төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эхлүүлсэн.
– Цахим шилжилт хийхийн тулд оролцогч талуудын цахим боловсрол чухал санагддаг. Энэ тал дээр?
– Эрдэс баялгийн цахим засаглал хөтөлбөрийн нэг зорилт нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахим оролцоог нэмэгдүүлэх явдал байгаа. Төрийн байгууллагууд цахим шилжилт хийж онлайнаар төрийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн хэдий ч хэрэглэгчдийн цахим боловсрол маш чухал байна. 2016 оноос хойш хайгуулын болон уулын ажлын тайлан, төлөвлөгөөг цахимаар авч баталгаажуулахад тус системийг ашиглахад асуудлууд багагүй тулгарч байсан. Буруу, зөрүүтэй мэдээлэл ирүүлдэг, тайлан төлөвлөгөөгөө системд илгээгээд хаяж алга болдог зэрэг хүндрэлүүд үүссэн. Иймээс цахим шилжилтийн хүрээнд оролцогч талуудын цахим боловсролыг нэмэгдүүлэх, 5Gтехнологид суурилсан үүлэн технологийн талаар мэргэжилнүүдийг бэлтгэх, ААН-үүдэд зориулсан сургалтуудыг хийхээр төлөвлөж байна.
– Та салбарын мэдээллийн санг нэгтгэх, нэгдсэн платфороос иргэд, ААН, төрийн болон төрийн бус байгууллагууд хүссэн мэдээллээ авч ашиглах талаар ярьлаа. Мэдээллийн сангийн аюулгүй байдал, иргэн, байгууллагын нууцыг хадгалах асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
– Маш чухал асуудал. ЗГ-аас дэвшүүлсэн цахим үндэстэнд улсаараа нэгдэхийн тулд хувь хүний болон байгууллагын нууц, мэдээллийг чандлан хамгаалах, хадгалах асуудал тулгараад байгаа. Иймээс ХЗДХЯ-аас Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хуулийг болосвсруулж, энэ намрын УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. Дээрх хуулиудын олон нийтийн хэлэлцүүлэг явагдаж байгаа, төсөлтэй танилцах бол ХЗДХЯ-ны цахим хуудсанд байршуулсан байсан.
– Эрдэс баялгийн салбарт технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэхэд бодлогын яамны зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
– Аж үйлдвэрийн IV хувьсгалын нөлөөгөөр хиймэл оюун ухаан, блокчэйн технологи, юмсын интернет (IoT), өгөлдөл цуглуулах ухаалаг сенсорууд ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын салбарт хүч түрэн орж ирж байна. Тухайлбал өнөөгийн байдлаар дэлхийн ихэнх уурхайд дроныг маркшейдрын хэмжилт, 3Dгеологийн зураглал, ил уурхайн хажуугийн өнцгийн хэмжилт зэрэгт ашиглаж, өдөр тутмын хэрэглээ болгосон бол операторгүй автосамосвалуудыг үйлдвэрлэж, уул уурхайн салбарт нэвтрүүлсэн.
Түүнчлэн GPS технологид суурилсан өндөр сенсор бүхий операторгүй ухаалаг өрөмдлөг, цооног цэнэглэгч машинууд, экскаваторууд уул уурхайн салбарт хурдацтайгаар нэвтэрч байна.
Эдгээр бүх ухаалаг технологиуд нь өөр хоорондоо холбогдсон (blockchain technology) маш их хэмжээний мэдээллийн сан (big data)-г үүсгэж, хиймэл оюун ухааны (Artificial intelligence) тусламжтайгааруул уурхайн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, өндөр бүтээлтэй, үр ашигтай байдлыг дээшлүүлэх чиглэлд хөтөлж байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн олборлолтын уламжлалт арга барил хувьсан өөрчлөгдөж байна.
Өнөөгийн байдлаар Монгол Улсад ухаалаг технологийг Оюу толгой, Эрдэнэт зэрэг компаниуд нэвтрүүлэн ашиглаж байгаа. Энэ туршлагыг бусад уул уурхайн компанид нэвтрүүлэхэд яамны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Мөн түүчлэн Монгол Улсад гадаадын томоохон технологийн компаниуд үйл ажиллагаа явуулж үүний үр дүнд ихэнх уул уурхайн компани программын тусламжтайгаар уулын ажлаа төлөвлөж, өдөр тутмын хэрэглээ болгон ашиглаж байна. Программын тусламжтайгаар тайлан мэдээгээ гаргаж байгаа нь цаг хугацаа, хөдөлмөр хэмнэж байгаа явдал юм.
Нэгэнт уул уурхайн ихэнх компани дотооддоо мэргэжлийн программ хангамж ашиглаж тайлан, мэдээгээ гаргаж байгаа тул төрийн байгууллагууд ч мөн үйл ажиллагаандаа шинэчлэл хийх нь зүйтэй. Иймд төрийн албан хаагчдыг программ хангамжийн чиглэлээр сургах, мэргэшүүлэх ажлуудыг шат дараалалтайгаар хэрэгжүүлнэ.
– Өнгөрсөн хугацаанд салбарт хийгдсэн онцлох ажлуудаас дурдвал?
– УУХҮЯ-аас аж ахуйн нэгжид олгодог тусгай зөвшөөрлийн бүртгэлийн систем, хөгжүүлэлтийг хийж үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Энэхүү системийг нэвтрүүлснээр газрын тос, тэсэлгээ, хүнд үйлдвэрийн зэрэг 20 гаруй төрлийн тусгай зөвшөөрлийг цахимаар олгох нэгдсэн системийн хөгжүүлэлтийг хийж, энэ сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаанд бүртгэлийн цахим систем нэвтрүүлж, хөгжүүлэлтийг хийсэн. Ингэснээр тус зөвлөлийн үйл ажиллагаа 7-8 дамжлага дамждаг байсныг болиулж, цаасан хэлбэрээр бичиг баримт дамждаг байсныг цахимжуулсан. Энэ ажлын үр дүнд зөвлөлийн хурал онлайнаар явагдаж, хурлын тов, шийдвэр гаргалт нээлттэй, ил тод болсон.
Түүнчлэн УУХҮЯ-ны удирдлагын мэдээллийн цахим систем /mobial application/-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж яам болон АМГТГ, ҮГА-ны албан хэрэгцээнд ашиглаж байна.
Энэ систем нэвтэрснээр яам, агентлагын удирдлагууд хичнээн тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа, хаана, ямар олборлолт хийгдэж байгаа, ямар асуудал гарч байгаа, нөхөн сэргээлт хийгдсэн эсэх, уулын ажлын тайлан, шуурхайд өгсөн үүрэг даалгаврын биелэлт ямар ахицтай байгаа зэрэг мэдээллийг түргэн, шуурхай хүлээн авч холбогдох асуудлыг яаралтай шийдвэрлэх боломж бүрдээд байгаа юм.
Үүнээс гадна уурхай хүлээж авах улсын комиссын үйл ажиллагаа дараалал ихтэй учраас ажил удааширдаг байдал ажиглагддаг байсан бол энэ ажлыг цахимжуулснаар хүсэлтийг цахимаар бүртгэж, асуудлыг хэлэлцээд боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан тохиолдолд тухайн уурхайд очиж ажилладаг болох, ямар компани хамгийн түрүүнд хүсэлтээ өгсөн нь ил тод харагддаг, уурхайд ажиллах комиссын үйл ажиллагаа нээлттэй, ажлын графикийг харах боломжтой болох юм.
Мөн бид өнгөрөгч 6 дугаар сард “Эрдэс баялаг-Цахим шилжилт” хэлэлцүүлгийг “AIRMEET” платформ ашиглан 100% цахимаар зохион байгуулсан. УУХҮЯ-ны зүгээс эрдэс баялгийн цахим засаглалын бодлого, хэрэгжүүлэх арга замуудыг танилцуулсан бол хэрэгжүүлэгч агентлагууд цахим шилжилтийн хүрээнд хийгдсэн болон хийхээр төлөвлөсөн ажлуудаа хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан. Цахим хэлэлцүүлгийн үеэр салбарын хөгжилд нэвтрүүлж буй шинэ техник, технологи, инновацийн талаар компаниудын төлөөллүүд өөрсдийн арга барил, туршлагаас хуваалцаж, мэдээлэл солилцсон олон талын ач холбогдолтой арга хэмжээ болсон.
– Эрдэс баялгийн цахим засаглалтай болсноор ямар үр дүнд хүрэхээр зорьж байна вэ?
– Цахим засаглалыг хэрэгжүүлэх үндсэн төлөвлөгөөний үр дүнд салбарын хяналтыг сайжруулах, хүнд суртлыг арилгах, үйл ажиллагаа шилэн байх нөхцөлийг бүрдүүлэх, хууль, дүрэм, журмын шинэчлэлийн мэдээллийг нээлттэйболгох, УУХҮЯ-аас олгодог тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт оролцогчдод нээлттэй, ил тод явагддаг байх, эрдэс баялгийн салбарын бүх өгөгдлийг нэгдсэн нэг платформоос ашиглах боломжтой болгох, төрийн үйлчилгээг ухаалаг системээс 365 хоногийн 24 цагаар түргэн, шуурхай авдаг байх боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.
Өмнө нь салбарын үйл ажиллагаа хаалттай, ямар бичиг баримт хаана, ямар албан тушаалтан дээр удаж, хугацаа алддаг нь тодорхойгүй, хүндрэлтэй, мэдээллийн нууцлал алдагдах эрсдэл гардаг, байгууллага хоорондын уялдаа холбоо байхгүйгээс ажлын давхардал, үл ойлголцол үүсдэг, явдал чирэгдэл их гардаг байсан бол энэ бүх асуудлыг цахим засаглалын нөлөөгөөр шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
Эх сурвалж: УУХҮЯ