Парламентын танхимд залрах эрхмүүд хэн байх бол?

2021-08-31 Нийтлэл

Энэ удаагийн нөхөн сонгууль ирэх сарын 10-нд болж, хоёр гишүүнийг парламентын танхимд “залах” болно. Харин УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нөхөн сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд маргааш буюу (есдүгээр сарын 1)-ний 00.00 цагаас өмнө нэр дэвшигчээ тодруулж, СЕХ-нд хүргүүлэх учиртай. Тийм ч учраас нам, эвслүүд горилогчдоо хэдийнэ тодруулан дараагийн төлөвлөгөөгөө зэхэж сууцгаана.

Ямартай ч эл сунгаанд МАН, АН-ын дунд өрнөх нь тодорхой болохыг улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийх боллоо. Харин ялагч нь улаан батлахтнуудын талд гэдэг нь өнгөрөгч ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр батлагдав бололтой. Өөрөөр хэлбэл, сонгогчид МАН-д нэгмөсөн хариуцлага үүрүүлсэн сонголт нь нэгийг хэлж байх шиг ээ.

Эрх баригч намаас хуульч Л.Батжав, МИАТ-ийн дэд захирал асан Н.Энхбаатар, Хэнтийн аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нараас Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулна гэх мэдээлэл намын төв апратаас цухалзаж байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, МАХН-ын дарга асан Н.Энхбаярын хүү Батшугар, НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун нар Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр нам дотроо хэлэлцэж байгаа аж. Гэхдээ нийслэлийн хамгийн олон хүн амтай тус дүүрэгт экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү хүч үзэх нь тодорхой болж буй юм байх. Зүй нь хоёр намын дарга нарын нэгэнтээ гар барилцсан эв эеийн үр дүн одоо л ажил хэрэг болох учиртай. МАХН яг энэ үед л нэгийг бодож суугаа биз дээ…

Харин тоонотдоо хоёр тийшээ хараад суучихсан АН-ын хувьд М.Тулгат даргатай АН-ыг нөхөн сонгуульд оролцуулахаар СЕХ батламж гардуулсан. Тус намаас Хэнтийн нөхөн сонгуульд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, АН-ын генсек асан Ц.Баатархүү, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар нарын нэр яригдаж байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Боловсролын сайд асан Л.Гантөмөр, Хөх хот дахь консул асан Д.Мөнх-Эрдэнэ, 2020 оны сонгуулиар тус тойрогт нэр дэвшсэн Г.Очирбат нар өрсөлдөж байгаа юм байна. Уг нь нэр дэвшихээр яригдаж буй горилогчид дунд нь түмэнд нүдлэгдсэн, бас ч гэж хийсэн юмтай нэр цэвэр кадрууд үзэгдэж, харагдаж байх юм. Гэвч нам дундын бужигнаан нь энэ цагийн солиорол мэт сонгогчдод дүгнэгдэх болж дээ.

Дашрамд дуулгахад, одоогийн байдлаар УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуульд МАН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, “Зөв хүн-Электорат” эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа аваад буй юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.