Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хорооны анхдугаар хурал өчигдөр боллоо. Уг хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар Сангийн сайд Б.Жавхлан, нарийн бичгийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал нар ажиллаж байгаа юм.
Хурлаар Үндэсний баялгийн сангийн тухай, Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төслийн танилцуулгыг сонслоо. Мөн Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Залуус 1” орон сууцны хорооллын талаар танилцуулсан юм.
Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтоцоонд үе шаттай шилжихийн тулд Хуримлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөл боловсруулснаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлж байлаа. Ийм сан байгуулснаар тогтвортой ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, байгалийн баялгийг иргэн бүр тэгш хүртэх, нийгмийн дундаж давхарга нэмэгдэн, хүн бүр хуримтлалтай, хуримтлалын сангийн схемтэй болно гэж үзжээ.
Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтөд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, сангийн хөрөнгийг хуримтлалын санд байршуулах, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг өсгөх замаар дундаж давхаргыг нэмэгдүүлэх, нэрийн дансны орлогыг мөнгөжүүлэх, нийгмийн даатгалын бүх үйлчилгээг цахимжуулах зэргийг тусгахаар төсөл боловсруулжээ. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулахаар төсөлд тусгасан байна.
Сингапур улсын боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, түгжрэл, орон сууцжуулах асуудлаа хуримтлалын нэгдсэн сангаараа дамжуулж шийдсэн загварыг манайх судалж, Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох албаныхантай нь харилцаж байгаа юм байна.
Эдгээр танилцуулгыг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх бодлогын талаар нэгдсэн танилцуулгыг ирэх долоо хоногийн мягмар гарагт хийхийг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон юм. Мөн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хувийн хэвшлийг оролцуулсан 12-15 хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө.
Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлэхийн тулд ажлын хэсэгт орсон бүх байгууллагуудаас санал авч, төлөвлөгөө гаргаж ажиллахаа Ерөнхий сайд хурлын төгсгөлд тэмдэглэн хэлж байсан юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.