“И Тэ Жун эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”-г сэргээн засна

2021-10-22 Байгаль орчин

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунтай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ойн салбарын менежментийг сайжруулан мод үржүүлгийн газруудад тус улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар “Иж бүрэн түншлэл”-ээс “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх тухай тунхаглал гаргасныг Н.Уртнасан сайд онцлоод Хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлэхэд хоёр орны засгийн газар хоорондын комиссын дарга нарын оролцоо чухал. Тус хорооны Монголын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хувиар ахлан ажиллаж байна. 2022 оны эхний улиралд Монгол-Солонгосын Байгаль орчны яамдын Бодлогын зөвлөлдөх 2 дугаар уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Глазгоу хотод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн талуудын бага хурлын үеэр БНСУ-ын Байгаль орчны сайдтай уулзаж энэ талаар хэлэлцэж хоёр улсын салбарын яам хооронд санамж бичигт үзэглэх болсныг онцлон дурдав.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун “Хоёр улсын харилцаа улс төр, эдийн засаг, соёл урлаг, тэр дундаа байгаль орчин, аялал жуулчлалын салбарт улам бүр өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гээд Солонгос улсын иргэд Монгол оронд цахим визээр зочлох боломжтой болж, анхны жуулчин айлчлан ирснийг онцлов. Мөн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, ойн салбарын менежментийг сайжруулах талаар олон ажил төлөвлөж байгаад талархал илэрхийлээд өөрийн орны туршлагад үндэслэн бүрэн дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр 1900 оны эхээр Монгол улсад эмнэлгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ БНСУ-ын тусгаар тогтнолын төлөө тэмцэх үйлсэд амь биеэ зориулсан И Тэ Жүн эмчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах талаар санал солилцох хүсэлтийг хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Тус цэцэрлэгт хүрээлэнг 2001 онд байгуулснаас хойш засвар шинэчлэл хийгээгүй. Иймд Солонгос улсын талаас бүрэн санхүүжилтийг гаргаж их засвар, шинэчлэл хийхээр төлөвлөсөн. БНСУ-аас Монгол Улсад ирж буй жуулчдын хувьд И Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн чухал бүтээн байгуулалт юм. Цэцэрлэгт хүрээлэнд засвар хийхийн зэрэгцээ дурсгалын танхим байгуулна. Уг засвар, өргөтгөлийн ажилд 2 тэрбум орчим воны санхүүжилт зарцуулахыг дурдлаа.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар өмчлөх, эзэмшихийг Монгол Улс хуулиараа хориглодог. Өмчлүүлэх, эзэмшүүлэх боломжгүй. Зөвхөн зориулалтын дагуу ашиглаж, аялагчид болоод ард иргэдийн ая тухыг хангахуйц байгаль орчинд ээлтэй технологиор ус, бохирын асуудлыг зөв шийдсэн бүтээн байгуулалтад хамтран ажиллах боломжтойг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцлов. Ингээд хоёр тал дараагийн уулзалтаар бүтээн байгуулалтын нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэхээр боллоо.

 

 

 

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.