Төрийн тэргүүн Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Я.Содбаатар Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулсан юм.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн зарлигийг өнөөдөр Засгийн газарт хүргүүлж байна. Зарлигт
Монгол Улсын Засгийн газар Л.Оюун-Эрдэнэд чиглэл болгосугай
1.1 Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад Монгол Улсын хувь нэмэр, бодит оролцоог нэмэгдүүлэхэд “Алсын хараа 2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан уур амьсгалын өөрчлөлт, цөлжиттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган ажиллахыг чиглэл болгож байна.
Жил бүр Монгол Улсын ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгаль ээлтэй, стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллахыг чиглэл болгож байна.
Ойн салбарын бодлого үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад төрийн захиргааны байгууллага болох Ойн агентлагийг сэргээн байгуулахыг чиглэл болголоо. Ирэх оны төсвийг өргөн барихдаа Засгийн газар 2022.01.01-нээс Ойн агентлагтай байх асуудлыг төсвийн дагалдах хуулиар оруулж байгаа.
Төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан удирдлагын нээлттэй тогтолцоог бүхий Ойн аж ахуйн нэгжийг байгуулах санхүүгийн оновчтой механизм бүрдүүлэх ажлыг тусгаж байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд үр, үрсэлгээ, мод үржүүлгийн хоршоо, нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг сонгодог утгаар нь ойн аж ахуйн нэгж болгон төлөвшүүлэх, дэмжлэг үзүүлэх шаардлага бий.
Цөлжилттэй тэмцэх газрын доройтлыг бууруулах зорилгоор агро-г хөгжүүлэх, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэртэй уяж, иргэн, аж ахуйн нэгжийг татвар болон татварын бус бодлогоор дэмжлэг үзүүлэх чиглэлийг багтаасан.
Мод тарих үйл явцыг халамжаас хөдөлмөрт шилжих цогц бодлогын хүрээнд Засгийн газар Бүх нийтийн мод тарих үйлсийг уялдуулан зохицуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Иргэн аж ахуйн нэгжийн тарьсан модоор ойн сан бүрдүүлж, түүнийг улсын нэгдсэн санд бүртгэж авах, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулж, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад нь бодит дэмжлэг үзүүлэх талаар мөн тусгасан” гэлээ.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Ерөнхийлөгч 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэхтэй холбоотой зарлиг гарсан. Үүнтэй холбоотойгоор БОАЖЯ-наас энэхүү үндэсний хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд ямар үе шаттай, ямар бүтэц зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх талаар ажлын хэсгүүдийг олон чиглэлээр байгуулсан.
Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь нэн хүнд буюу цөлжилттөд өртсөн судалгаа бий. 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал нэн хүнд хэлбэрээр өртсөн 129 сая га талбайн хэмжээг 4 хувиар бууруулах тооцоолол байна.
Мөн ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 7.9 хувьтай байгаа. Үүнийг 2030 он гэхэд 9 хувьд хүргэх зорилт тавьсан. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг 600.000 тонноор бууруулах тооцооллыг урьдчилсан байдлаар гаргасан.
Үндэсний хөтөлбөрийг эхлүүлэхтэй холбоотойгоор эрдэмтэн, судлаачид, ойн мэргэжлийн байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууын идэвхи санаачилга сүүлийн өдрүүдэд нэлээд идэвхижсэн. Өнөөдөр бидэнд байгаа мэдээллээр хувийн хэвшлийн томоохон компаниудаас 10 жилийн хугацаанд 20-120 сая мод тарих урьдчилсан санаачилга гаргаад байгаа.
Иймээс 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхдээ төр, хувийн хэвшил, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоо, уялдаа холбоог хангаж ажиллана.
Мөн Ойн агенилагийг байгуулах юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ойн мэргэжлийн 1078 байгууллага бий. Ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын асуудлыг дагнан хариуцдаг 224 аж ахуйн нэгж бий. Эдгээр байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд салбар яам уялдаа холбоог хангаж ажиллахаар анхаарч байна.
Үндэсний хөдөлгөөн өнөөдрөөс эхэлж өрнөж байгаатай холбоотой төсвийн тооцооллыг яаж гаргах вэ гэдэг дээр иргэд, олон нийтийн ихээхэн анхаарал хандуулж байна. Ерөнхийдөө ДНБ-ий 1-ээс багагүй хувийг энэхүү ойжуулах, цөлжилтийн эсрэг зарцуулах тооцооллыг гаргаж ирсэн. 10 жилийн хугацаанд 4.3 их наядаар гэсэн тооцоолол бий.
Орон нутгийн зардлаар 30 орчим хувийг хангах боломж байна. Хувийн хэвшлийн санал, санаачилгыг зөв өдөөж, хоорондын уялдаа холбоог хангаж чадвал 45 орчим хувийг бүрдүүлэх боломжтой. Байгаль орчны салбарт олон улсын банк, санхүүгийн байгууллага, төсөл хөтөлбөрүүд өнгөрсөн хугацаанд нэлээд хэрэгжсэн. Өнөөдрийн байдлаар БОАЖЯ-нд 20 орчим төсөл, 130-аад сая ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг сайжруулж, хүрээг нь тэлж, ойжуулах, цөлжилтийн эсрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж чадвал 20 орчим хувийг эндээс босгож болно.
1 тэрбум мод тарих үндэсний хөтөлбөрийг 3 үе шаттай хэрэгжүүлнэ
Энэ бол урт хугацаанд үргэлжлэх учраас тооцооллыг хэрхэн хийх, зардлаа яаж хуваарилах, шийдэхээс гадна мод тарихтай холбоотой усалгааны асуудал бий. Гадаргын усны нөөцийг тогтоох, орон нутагт мод тарих үйл ажиллагааг ямар бүтэц зохион байгуулалттайгаар хийх үү гээд тооцооллыг олон талт ажлын хэсэг гарган ажиллаж байна. Өнөөдрөөс мод тарих аян орон даяар эхэлж байна” гэлээ.
9 цагийн өмнө
14 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.