Лондонг цочроосон гурав дахь халдлагын сэжигтнүүдийг баривчиллаа

2017-06-5 Ертөнц

Лондонг цочроосон террорист халдлагад холбоотой хэмээн сэжиглэж буй 12 хүнийг цагдаагийнхан хотын зүүн хэсгээс баривчилжээ. Цагдаагийнхан халдлагыг гардан үйлдсэн гурван этгээдийн нэгнийх нь гэрийг нэгжсэний дараа эдгээр сэжигтнийг баривчилжээ. Тэд өнгөрсөн бямба гарагийн үдэш Лондонгийн гүүрэнд явган хүмүүсийг ачааны тэргээр дайрч, дараа нь машинаасаа гаран, ойролцоох захын хажуугаар явж байсан хүмүүсийг хутгалж, гэм зэмгүй олон арван хүний эрүүл мэндэд хохирол учруулсан юм. Их Британид гурван сарын дотор гурав дахиа гарч буй энэ удаагийн террорист халдлагаар гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 36-д хүрснээс, 21 хүний биеийн байдал хүнд байгаа юм.

Дуудлага авсан цагдаа нар 8 минутын дотор хэргийн газар дээр ирж, гэмт хэрэгтнүүдийг буудаж хөнөөсөн. Найман офицер нийтдээ 50 удаа гал нээж, гэмт хэрэгтнүүдийг аюулгүй богох үеэр энгийн иргэн ч суманд өртсөн байна.  Цагдаагийнхныг хэргийн газар дээр ирэхэд халдлага үйлдсэн этгээдүүд тэсрэх бөмбөг бүхий бүс зүүсэн мэт харагдсан учраас тэднийг маш хурдан аюулгүй болгох хэрэгтэй гэж үзэн, гал нээсэн аж. Гэвч тэднийг буудан хөнөөсний дараа нэгжихэд тэсрэх бөмбөг байгаагүй аж.

Цагдаагийнханд баригдаад буй 12 сэжигтний долоо нь эмэгтэй гэнэ.  Энэ хэргийг Исламын улс бүлэглэлийг аялдан дагалдагч, лалын хэт үзэлтэй британийн иргэд үйлдсэн гэж үзэж байгаа.  Хэргийг гардан үйлдэж, хүмүүсийг ачааны машинаар дайрсан этгээдийн гэрийг цагдаагийнхан нэгжсэний дараа хөршүүд нь түүнийг лалын хэт үзэлтэй нэгэн болон өөрчлөгдөж буйг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харж, мэдэж байсан гэдгээ ярьсан байна. Эхнэр, хоёр хүүхэдтэй тэрээр халдлага хийх тухай ч ярьж байсныг нэрээ нууцалсан хөрш нь яриад энэ тухай цагдаад мэдүүлэх хэрэгтэй юм байна гэж бодсон ч ямар нэг арга хэмжээ аваагүй аж.

Тэрээр иргэний үүргээ биелүүлж нийгэмд хор хөнөөл учруулж болзошгүй явдлын тухай зохих газар мэдэгдээгүй, цагдаагийнхан ч террорист халдлагаас урьдчилан сэргийлэх ажлаа хангалттай хийгээгүй учраас ийм эмгэнэлтэй явдал боллоо гэж нэрээ нууцалсан хөрш ярьжээ. Эндээс харвал террористууд ердөө бидний хажуу хаалганы цаана амьдарч байна, цагдаагийнхан нүүрээ халхавчилсан лалын энэ хэт үзэлтнүүдийг хэрэг үйлдэхээс нь өмнө мэдэх боломж байсан гэх шүүмжлэл Британид хүчтэй өрнөж байна.

Өнгөрсөн гуравдугаар сард мөн Лондонгийн төв, Вестминстрт нэгэн этгээд явган хүмүүсийг машинаараа дайрч, хутгаар хүний аминд хүрсэн бол хоёр долоо хоногийн өмнө Манчестрт дуучин Ариана Грандегийн тоглолт болох үеэр цэнгэлдэх хүрээлэнд бөмбөг дэлбэлж, 22 хүн амиа алдсан юм.  Ийнхүү Их Британийн нийслэлд байдал тайван бус байна. Гэвч ирэх пүрэв гарагт хийхээр товлосон парламентын сонгуулийг төлөвлөсөн ёсоор зохион байгуулна гэлээ.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.