МАН: Бага хурлаа хийж, Л.Оюун-Эрдэнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох чимээтэй

2021-06-22 Нийтлэл

 

 

Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, зургадугаар сарын 25-ны өдөр тангаргаа өргөнө. Тангараг өргөснөөр тэрбээр намын дарга болон намаасаа түдгэлзэх хуулийн зохицуулалттай. Харин парламентаас шинэхэн Ерөнхийлөгчийн тангарагийг энэ сарын 25-нд буюу ирэх баасан гаригийн 11.40 цагт зохион байгуулахаар товлосон. МАН мөн тухайн өдөр Бага хурлаа хуралдуулахаар товложээ. Тус Бага хурлаар У.Хүрэлсүхийг МАН-ын даргын албан тушаалаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгч дарга томилох чимээтэй байна. Одоогийн байдлаар намын дараагийн дарга хэн болох вэ гэдэг таамаг улс төрийн хүрээнд хүчтэй өрнөж буй. Уг нь эрх баригчид Их хурлаа Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой зэрэгцүүлэн товлосон байсан ч сүүлийн үед коронавирусийн халдвар нэмэгдэх болсон шалтгаанаар тодорхой хугацаагаар хойшлуулах санал яригдаж эхэлжээ. Тиймээс намын Их хурлаа хойшлуулж, энэ удаад намын Бага хурлаа хуралдуулж, намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох санал яригдаж эхэлсэн мэдээтэй байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын Бага хурлыг хуралдуулж, намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох аж.

Энд нэг зүйлийг тодруулахад, намын дүрмийн дагуу одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дарга болох ёстой. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон цагаас эхлэн МАН-ын дараагийн дарга хэн болох, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын хэн нь болох вэ гэсэн таамаг өрнөх болсон. Тэдний хэн хэн нь намын дарга болох боломжтой. Бас тийм эрх ч бий, гавъяатай. Гэхдээ сүүлийн өдрүүдэд Д.Амарбаясгалан Ерөнхий сайд  намын дарга болох нь зөв гэдэгтэй гишүүд санал нэгдэж, Л.Оюун-Эрдэнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох асуудлыг тодорхой хүрээнд ярьж эхэлсэн гэдгийг эх сурвалж хэлж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.