Хөвсгөл аймгийн уугуул үхэрчин, саальчин гэр бүлийн зургаан хүүхдийн отгон хүү. Ээжийнхээ саалийн үнээг эвлээж өслөө гэж багын дурсамжаа хуваалцахдаа өнөөдөр юм шиг л тодхон нэгд, нэгэнгүй санаж байгаа нь илт байсан юм. Дунд сургуульдаа сурлагаараа дээгүүр ордог. Физикийн хичээлдээ дуртай авто инженер болно гэж боддог байжээ. Хөвсгөл аймгийн таван сумыг хамардаг, сум дундын сургуулийн хүүхэд аймагт очиж хувиараа сонгоход ганц ирсэн авто инженерийн ангийг алдсан ч шалгалтгүй хувиар сонгох босгыг хангаж, ойн инженер болохоор 1980 онд Хөдөө, аж ахуйн сургуулийн оюутан болж Улаанбаатар хотод иржээ. Энэ цагаас эхлээд эргэлт буцалтгүй ойн хүн болсон. Үүнийгээ хувь тавилан гэж бодож энэ салбарт 35 жил 11 сар тасралтгүй ажиллаж байна хэмээн ажил мэргэжлээрээ бахархан ярих Батгомбын Отгонсүрэн гуай Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ахлах шинжээч хийдэг. Ой модны эрдэм шинжилгээний хүрээлэн, ой зохион байгуулалтын экспедиц зэрэг байгууллагуудад сэтгэл, зүтгэл гарган ажилласан хөдөлмөр гавьяаг нь төр, засгаас өндрөөр үнэлэн түүнийг Төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, тэмдгээр шагнасан юм.
-Танд салбартаа 35 жил ажиллаж байгаа хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан баяр хүргэе.
– 1985 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн ойн аж ахуйн инженерийн ангийг төгссөн. Анхны томилолт нь тухайн үеийн ой модны аж үйлдвэрийн яамны харьяа, ойн хайгуул , үйлдвэрлэл, шинжилгээний институциийн ойн хайгуул зохион байгуулалтын экспедицэд техникчээр томилолтоор ирсэн. Түүнээс хойш 35 жил 11 сар Ойн салбартаа тасралтгүй ажиллаж байна. Өөрийнхөө боловсрол, мэдлэгийг хүрээнд хичээж ажилласныг минь үнэлж, хамт олноосоо тодорхойлогдон шагнагдсанд баяртай байна.
-Ой бол оршин буйн үндэс гэдэг. Мэргэжлийнхээ бахархал, онцлогийг дурдвал?
-Би мэргэжлээ сонгоод ХААИС-ийн ойн аж ахуйн ангид суралцахаар ирэхэд багш нар маань “ой бол ус, Ус бол ургац, ургац бол амьдрал” гэж том эрдэмтний хэлсэн үгийг хэлж байлаа. Үнэхээр ой, ус хоёр бол харилцан шүтэлцээтэй. Байгалийн бурхнаас заяасан үнэлж барахгүй өгөөмөр баялаг юм. Өөрөөр хэлбэл ус байж ой ургана, ой ургаад усаа хамгаалж байдаг. Энэ их үйлсэд 35 жил өөрийнхөө ажил, хөдөлмөр, сэтгэлээ зориулан ажиллаж яваагаараа бахархаж байна. Миний ажлын онцлог бол Монгол улсынхаа ойн нөөцийг байгаль орчны тэнцвэрт ямар үүрэг гүйцэтгэж байгааг үнэлж, тооцоолж, тоолж, судалдаг энэ чиглэлээрээ мэргэшиж ажилласан. Ойн үүрэг төлөв байдлыг судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргахад тусалж, хамтран ажиллаж байна.
-Та гэр бүлийнхээ талаар танилцуулаач?
-Би охин, хүү хоёртой. Манай гэр бүлийн хүн үслэг эдлэлийн чиглэлийн мэргэжилтэй. Үслэг эдлэлээр хувцас урлана. Би бол эсрэгээрээ байгаль хамгаалагч хүн. Бидний хооронд зөрчил гарна. /инээв/ Жишээ нь эхнэр 101 гөлөг гэдэг кинонд дээр гардаг шиг. Найз маань нохойтой болоход би “хөөрхөн амьтан” гэж харж байхад, манай эхнэр харж байснаа хүрэм хийвэл сайхан загвар гарах нь гээд найз сандраад “би нохойгоо нуулаа” гэж байсан удааг тод санагдаж байна. Энэ мэт мэргэжлийн онцлог зүйлс гардаг . Гэхдээ миний ажлыг их дэмжиж, сүүлийн 10 гаруй жил хамтран ойн судалгааны чиглэлээр хамтран ажилласан. Байгаль орчинд ой ямар чухлыг, хэрэв ой байхгүй бол бидний бахархаад байгаа Сэлэнгэ мөрөн, Эгийн гол, Хэрлэн мөрөн, Туул гол маань байхгүй болох юм гэдгийг ойлгоод миний мэргэжлээр бахархдаг. Миний охин Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, Солонгост мэргэжил дээшлүүлээд Ногоон хөгжлийн институтэд ажиллаж байна. Хүү авто инженер. Хүүхдүүд маань байгальд их ойр өссөн. Би 25 жилийн турш ойн хайгуул судалгаа хийгээд зуны таваас арван сарын хугацаанд ойгоор явдаг байлаа. Эн үед хүүхдүүд маань хөлд орох, хэлд орох үеэсээ эхлээд л надтай хамт явдаг байсан. Иймээс Хэнтий, Хангай, Соёны гэдэг шиг л байгалийн зураглалыг сэтгэлдээ шингээж, мэдлэгтэй өссөн гэж боддог.
-Залуу байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүдэд юу гэж зөвлөх вэ?
-Бид бол хоёр нийгмийн системийг дамжсан хүмүүс. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нийгмийн үед төлөвлөгөөний дагуу суралцаж, бэлтгэгдэж байсан. Би бол 1985 онд төгсөөд шууд хувилагдаж томилогдож байлаа. Харин одоо залуучууд өөрсдийгөө хөгжүүлэх, гадаад харилцаагаа тэлэх, мэдээлэл судалгаа илүү авах боломжтой болсон. Нэг зүйлд сэтгэл хангалуун явдаг. Манай ойн чиглэлийн мэргэжилтнүүд гадаад хэлний өндөр боловсролтой хүмүүс бэлтгэгдэж байна. Иймээс гадаадын туршлагыг судлах, хэрэгжүүлэх бүрэн боломжтой тул ойн салбарын ирээдүйг гэгээтэйгээр хардаг. Одоогийн залуус маань дэлхийн хэмжээнд ажиллах боломжтой болж байгаад маш их сэтгэл хангалуун байдаг. Иймээс олон улсын жишигт ажиллах хэрэгтэй. Ойн ирээдүйг маш өөдрөгөөр төсөөлж байна.
Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх, илүү их амжилт хүсье.
11 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.