Манай улс хүн амаа санхүүгийн эрсдэл болон эрүүл мэндийг нь хамгаалах зорилгоор иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог 1994 оноос эхлэн нэвтрүүлсэн. Харин энэхүү даатгалын холбогдох хуульд өнгөрсөн оны наймдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан нь дэлхийн зарим томоохон улс орны ЭМД-ын сангийн хөгжилтэй эн тэнцэв.
Тухайлбал, өмнө нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага иргэдэд тусламж олгоход тус сангаас санхүүжилт олгодоггүй байсан. Зөвхөн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг санхүүжүүлдэг байв. Харин шинэчлэн батлагдсан хуулийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03-р тогтоолоор хувь, хувьсгалын ялгаагүй бүх эмнэлэг иргэдэд үзүүлсэн чанартай тусламж, үйлчилгээнийхээ тоогоор Эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авах боломж бүрдэв.
Бас нэгэн томоохон зарчмын өөрчлөлт нь хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас санхүүжүүлж эхэлсэн явдал юм. Энэ нь даатгуулагчийг эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалах, санхүүгийн дарамтыг багасгах зорилготой юм.
Жишээ нь бүх төрлийн хавдрын болон хорт хавдрын тусламж, үйлчилгээ үнэ төлбөргүй болов. Өмнө нь хавдраар өвчилсөн хүмүүсийн ар гэрийн санхүүгийн байдал ямар хэцүү нөхцөл байдалд ордог байсан нь эрүүл мэндийн байгууллагын статистик үзүүлэлтээс илхэн харагддаг. Харин одоо энэ бүх бэрхшээлийг төр 100 хувь хариуцаж эхэлээ. Зүй нь хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас олгожээ. Хорт хавдрын тохиолдлын дийлэнх хувийг элэг, ходоод, амьсгал, цээжний хөндийн эрхтний хавдар эзэлсэн байна. Харин хүүхдүүдийн тухайд яс, үений мөгөөрсний хавдар, хэвлийн гялтангийн ба хэвлийн арын зайн хавдруудын тохиолдол нэлээдгүй бий гэнэ. Үүнээс 27 хүүхдийн хорт хавдрын эмчилгээ үйлчилгээнд 10.3 сая төгрөг зарцуулжээ. Мөн 18.221 зорилтот бүлгийн иргэдэд 6,6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь хэдэн өрхөд нэмэр болж буй нь тодхон.
Мөн зорилтот бүлгийн иргэдийнхээ эрүүл мэндийн төлбөрийг төр 100 хувь үнэ төлбөргүй хариуцаж байна.
Эл бүлэгт 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй ахмад, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/, ял эдэлж байгаа ялтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн багтдаг.
Энд бас нэгэн таатай мэдээлэл дуулгахад, өмнө нь иргэд бүх төрлийн өндөр өртөгтэй мэс заслын хэрэгсэлийн зардлын 25 хувьд хамтын төлбөр төлдөг байсан бол шинэчлэлийн хүрээнд хүний амь насыг аврах шаардлагатай мэс засал хамтын төлбөргүй болжээ.
Тухайлбал, иргэдийн дунд нэлээд танигдсан “Зүрх мартахгүй” төсөл дээр жишээ авч тайлбарлая. Өмнө нь тус төслийн хүрээнд хийгдэж байгаа зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМД-ын сангаас гурван сая төгрөг олгож байсан. Харин шинэ тогтоолоор тохиолдол бүрд найман сая төгрөгийн санхүүжилт олгох болжээ. Өөрөөр хэлбэл, төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал 100 хувь ЭМД-ын сангаас гардаг болж. Мөн нийт 562 оношийн хамааралтай бүлгийн 332 оношийн хамааралтай бүлэгт буюу 10 төрлийн тусламж үйлчилгээг авахдаа иргэд хамтын төлбөр төлөхөөр заасан байна.
Түүнчлэн өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг төрийн өмчийн эмнэлэгт хийлгэхэд нэг тохиолдол 160 мянган төгрөгийн санхүүжилт олгодог байсан бол одоо төрийн болон хувийн хэвшлийн даатгалын байгууллагатай гэрээтэй эмнэлэг дээр өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэхэд даатгалын сангаас 70 хувь, иргэн 30 хувийг нь гаргахаар болсон. Түүгээр зогсохгүй Та эмчийн зааврын дагуу тодосгогч бодистой MRI оношлогоог хийлгэх тохиолдолд тодосгогч бодисын төлбөр 150 мянган төгрөгийн 70 хувийг мөн ЭМД-ын сангаас хариуцан төлнө. Мөн харвалт, зүрхний шигдээс, түлэгдэлт, зүрхний төрөлхийн гажигийн мэс засал гэх мэт аминд тулсан өвчнүүдийн эмчилгээ, оношилгоог төр 100 хариуцан ажиллаж байна.
Энэ мэтчилэн тус сангийн иргэн төвтэй үйлчилгээний “гоёхон” заалтууд их. Тэгэхээр эрхэм Та эрүүл мэндийн даатгалаа төлснөөр өөрийн болон хайртай бүхнээ эрсдлээс хамгаалж, хэн нэгний тусламжийг харж суугаа эмээ, өвөө, бяцхан зүрх, амьдралтай тэмцэлдэн байх хэн нэгэнд дэм өргөх юм. Зүй нь Эрүүл мэндийн даатгал эв санааны нэгдлийн зарчимд тулгуурладаг. Буян буцаж ирэхдээ шивэрдэггүй, аадар бороо шиг асгардаг гэж ардын сайхан ерөөлийг санаж, өвдсөн нэгнийгээ авран тэтгэх их үйлсэд монгол сэтгэлгээгээр хандах нь чухал аж. Түүнээс хэдэн жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгал төлөөд нэг удаа ч бүрэн хэмжээнд ашиглаж чадсангүй гэж уурлаж бухимдах шаардлагагүй. Таны тэнхээтэй байхдаа төлсөн даатгалын үр шим магадгүй маргааш танд бас өөр хэн нэгэнд бүхэл бүтэн амьдрал бэлэглэнэ.
Эцэст нь сануулахад, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн бүр эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй билээ. Энэ нь иргэн бүр хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авдаг болохын тулд юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.