Энэ хүнд асар их учир байна аа. “Би чамд хайртай-2”, “Татар ажиллагаа” гэдэг хоёр киноных нь хийц, найруулга, санааг хараад аргагүй найруулагчийн өгөгдөлтэй юм даа гэж бодож байлаа. Эхлэл нь ийм байгаа юм чинь жигдрээд ирэхийн цагтаа жир бус дэлгэцийн бүтээлүүд туурвиж, кино урлагт хээ хуар, хэлэмж хийцээ тод үлдээх юм байна даа гэсэн найдвар өвөрлөсөн үзэгч олон доо. За гэтэл яав. Яг үнэндээ одоо эргээд харахад Херо Баатараар PR-чин хийлгэсэн нь Х.Баттулгын алдаа байсан мэт бодогдож байна. Уран бүтээлч хүн мөнгө л олдвол дараагийн бүтээлээ хийх гээд шатаж явдагсан.
Гэтэл үүний маань нэр Женкогийн алдарт төмөр замын тархи угаалтаас эхлээд, сонгуулийн уянгын драмаар удаалаад, Улсын наадмаар гоцроод, Хүүхдийн төлөө фондоор үргэлжлээд өчнөөн мөнгөтэй холбогдож, төчнөөн тэрбумаар чих дэлсдэг хэрнээ дэлгэцийн урлагт дэлгээтэй ааруул шиг дэглэж урласан юм алга. Нэг л их уран сайхны тавилт, улс төр хоёр. Уг санаа нь үргэлжийн хагалан бутаргах, хайрцаглаж чихэх, хэлэх гээд байгаа үнэн санаагаа хэдэн дусал нулимсаар тордох…Баатар ороод ирэхээр л амьдралаас тасраад, алъя гэмээр үнэ мөнгө үнэртээд явчихна.
Нөгөө “Би чамд хайртай-2” кинон дээр Болдын өмсдөг эгэл хүрэм, энгийн амьдралтай хийц хаачив? Энэ маань ингэтлээ амьдралаас тасрав уу? Эсвэл ээрээд л, төөрөөд л яваа нь энэ үү? Дүүгээ Ерөнхий сайд болсноос хойш “Карантин-14”, Мэдээллийн урсгал гээд хоёр ч тэрбум, тэрбумын өртөг шингэсэн гэх шоу хийлээ. Хийц, дэс дараалал, хэлэмж, өнгө будаг, төгсгөл нь яах аргагүй Баатар л даа. Мэргэжлийн бус хүн юм болохоороо сэтгүүлзүйн салбараар нэлээн ч тоглолоо. Ганцхан сувгаар, бүх мэдээллийг нэг л өнцөгөөр хүлээж авна гэдэг нь сэтгүүлзүй биш, этүүрзүй болчихож байгаа юм. Ардчилсан үзэл баримтлалын хувьд бүр алуурзүй болж хувирна. Мэргэжлийг нь эзэмшээгүй юм болохоор салбар самрах хайран биш л байх шиг байна. Дээр нь яах аргагүй боловсрол дутах юм. Одоо Соёлын сайд Номинг барьж авчихаад бас л уран сайхандаж явна. Угаасаа ч эмэгтэй дүр дээр амьдардаг аргатай. Ундралаас эхлээд Анужин…за хамгийн сүүлд Одгэрэл, өнөө сурвалжлагч…Харагдаад, танигдаад, инээд хүргээд байна.
Л.Оюун-Эрдэнэ тун удахгүй дараагийн Женко болоод, PR нь нэг л өнгөлөг, мөнгөлөг болоод эхэлбэл гайхах юм алга. Уг нь тэр залуу хөх жинс, хүрмээ өмсчихөөд жирийн амьдрал дунд ажлаа хийгээд гүйж явах нь илүү дээр, илүү дулаахан байсан юм. Засгийн газрын 100 хоногийн шууд ярилцлагын өнгө будаг ч бүр өөр гариг шиг л байлаа. Ядарсан Монголын Ерөнхий сайд чадарсан Америкийн Ерөнхийлөгчдөөс ч илүү том тайз дэлгэц, тавилт дэглэлт дунд сууж харагдлаа. Ганц индэр байхад л хийсэн ажил, хэлэх үг цэгцтэй бол болоод явчихдаг юм даа. За тэгээд шууд л хэлчихье. МАН бол ганц PR-чинд найдсан ганц улстөрчтэй адилгүй. Энэ намыг нэлээдгүй зарчим, итгэл үнэмшил, сахилга батаар Хүрэлсүх барьж байна. Оюун-Эрдэнэ ахтайгаа нийлээд, ганц студи дээр амь амьсгалыг нь зангидаад барьдаг ч юм биш. Ядаж дундаа хоёулаа хувь эзэмшдэг студитэйг ч хэлэх үү, чадаад байгаа юм шиг хэрнээ ядарсан харагдаад байна. Шуналтай ч байна, шуугиантай ч байна. Херо Баатар дүүгээ дагаад дүрээ хувиргаад байгаа нь МАН-ын эрх мэдэлтнүүд байтугай эгэл гишүүдийнх нь итгэлийг ч бас саармагжуулж байна. Цаашдаа МАН хэд задрах эхлэл болохыг ч үгүй гэхгүй. Үе хоорондын өрсөлдөөн, шилжилтээс болоод үнэндээ энэ нам хэд хуваагдахад ойрхон байна. Тун удахгүй Оюун-Эрдэнийн пиар нь ихдээд, пээдгэр нь дэндээд, хөмсгөө зангидаад, хөмхийгөө зуухад ойрхон байна.
Женко бол уг хүнийх нь язгуур дээр чиний бүтээсэн дүр шүү дээ, маргаан байхгүй. Улс төр рүү орж болно оо, угаасаа орохгүй байх ч аргагүйгээр сэтгэл эмзэглүүлж байна. Гэхдээ уран бүтээлээ хаячихаар л сэтгэл хоосон, мөн чанар хоосон болчихож байгаа юм. Чи хоосорсон байна. Хоосондоо сагана гэж бас байдаг юм. Мань мэт нь хэдий мэргэжлийн сэтгүүлч боловч шүлгээ бичээд, роман энэ тэрээ буулгаад, судалгаагаа хийгээд, уран бүтээлээсээ зүүгдээд урагшилж л байна.
Хардаж давхиад, аяга халбагаа шалгаад байв даа, 25 жил улс төр бичихдээ тэр МАН-ын байраар чинь гурван удаа л орж үзсэн, шагайх дургүй хүн байна аа. Эгэл амьдрал дунд л энэ зүрх үнэн цохилдог юм. Тэгэхээр байна аа Баатар аа, одоо болно. Эгэл жирийн уран бүтээлчийн амьдралдаа эргэж ир. Чамд гэж хэлэхэд нэвтрүүлэг, нийтлэл хоёр үлдэхээсээ үлдэхгүй нь олон шүү, үнэний хорвоод үйгээд дуусдаг.
Мөнгөтэй болчихоод эргээд ирнэ гэж мөрөөдөл дунд нь хаяад явсан хэдэн муу уран бүтээлчид, кино урлагийн салбар чинь урд хормойгоороо хойдохоо нөхөөд байцгааж л байна. Инженер техникч хүн кино хийнэ гээд урлаг самраад байвал юу болох уу, түүнтэй адил улс төрд найруулагч хийх байсан юм бол угийн мэдлэгээ дээшлүүлж байхгүй яасын? Дүүгээ самрахаасаа өмнө дүүргээгүй ажлаа дуусга. “Би чамд хайртай-3” энэ тэрээ хийхгүй юү!
Сэтгүүлч Р.Эмүжин
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.