“Уур амьсгал өөрчлөгдөж байна, харин бид?” Уриатай мэдээллийн 7 хоног эхэллээ

2021-05-18 Байгаль орчин

 

БОАЖЯ-наас “Уур амьсгалын долоо хоногийг” “Уур амьсгал өөрчлөгдөж байна, харин бид?” уриатай  мэдээллийн 7 хоногийг энэ сарын 17-ноос эхлэн орон даяар цахимаар зохион байгуулж эхлээд байна.


Үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулагдах тус арга хэмжээнд өөрсдийн үг, үлгэр жишээ үйл хэрэг, үр өгөөжтэй мэдлэг, сайн туршлагуудаасаа хуваалцан, олон нийтэд таниулан сурталчилж идэвхтэй оролцохыг БОАЖ-ын сайд Н.Уртнасан онцолсон юм.

Учир нь Дэлхийн нийтээр байгалийн гамшигт үзэгдэл олширч, эрчимжиж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бөгөөд нэн эмзэг манай орны хувьд сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын дундаж температур 2.25 хэмээр буюу дэлхийн дунджаас даруй 2 дахин нэмэгдэв.  Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад Монгол Улс ч мөн нэгдэж, олон талын оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлж, хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна.

Хэрэв хүн төрөлхтөн энэ хэвээр хүрэн эдийн засгийг дэмжсээр байвал дэлхийн агаарын дундаж температур зууны төгсгөл гэхэд 4 – 6 хэмээр дулаарах аюул тулгарахыг олон орны эрдэмтэн судлаачид тооцоолоод байна.  Иймд, дэлхийн дулаарлын гол шалтгаан болж байгаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц дэлхий улс орнуудаас хүсч, уриалаад байгаа юм.

Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал дэлхийн жишигтэй харьцуулахад бага боловч, нэг хүнд ногдох хэмжээгээрээ эхний 10 улсын тоонд ордог. 2019 оны байдлаар 8 дугаарт буюу дэлхийн дундаж болон Ази-Номхон далайн бүсийн дунджаас харьцангүй өндөр байгаа тул үндэсний хэмжээнд энэ асуудлыг хэлэлцэх цаг иржээ.

Сүүлийн тавиад жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас Монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, энэ нь байгаль, цаг агаарын гаралтай гамшигт үзэгдэл болон ган, зудын давтагдал ихсэх, цөлжилт, усны нөөц, биологийн олон янз байдал, хомсдох зэргээр нийгэм-эдийн засаг, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж байна.

Манай орны газар нутагт ган, зуд, аадар бороо, мөндөр, хүчтэй цасан болон шороон шуурга, уруйн үер зэрэг байгаль, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтамж, эрч хүч нэмэгдэж, улмаар хүн амын осол, эндэгдэл мэдэгдэхүйц өсөн нийгэм, эдийн засагт учруулах хор хохирлын хэмжээ сүүлийн 20 гаруй жилд 2-3 дахин нэмэгджээ. Тодруулбал, 2009 оноос хойш гамшгийн улмаас 11.5 сая мал хорогдож, 2,789 хүн эндэж, 1.2 их наяд төгрөгийн хохирол учирсан байна.

Иймд олон нийтэд тодорхой ойлголт өгөх,  Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шинжлэх ухааны судалгаа, мэдээллийг түгээх, зөвлөгөөг, Шилдэг туршлагуудыг дамжуулах, үр дүнтэй шийдлийг дэмжих, хамтрын ажиллагааг тэлэх зорилгоор энэхүү мэдээллийн цахим 7 хоногийг өрнүүлж эхэллээ.

Үйл ажиллагааний хүрээнд төрийн, төрийн бус байгууллагууд, гадны элчин сайдууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд, залуучууд болон олон улсын байгууллагууд хуваарийн дагуу мэдээллээ хуваалцах зарчмаар оролцох юм.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.