Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр МХЕГ-ын дарга, удирдлагууд, албан хаагчидтай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтаар МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга мэргэжлийн хяналтын байгууллагаас коронавируст халдварын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажил, хяналт шалгалт болон тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийлээ.
МХЕГ, НМХГ-ын бүх албан хаагчид сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан 2019-2020 оны өвөл тасралтгүй хяналт шалгалт хийж, агаарын бохирдлын эсрэг тэмцсэн бөгөөд үргэлжлүүлэн коронавируст халдварын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаар байна. Дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш зөвхөн нийслэлд гэхэд МХЕГ, НМХГ-ын албан хаагчдын 80 хүртэл хувийг дайчлан, хязгаарлагдаагүй үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн өдөр тутмын халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хяналт тавин ажиллаж байгаа юм.
Шадар сайд С.Амарсайхан, мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотыг агаарын бохирдлоос салгах, сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэхтэй холбоотой ажлыг 2019 оны намраас эхлэн хоёр жил дараалан хийж, зохих түвшинд үр дүнтэй ажиллаж, цар тахлын амаргүй цаг үед ч ачааллыг хуваан үүрч буй цөөхөн байгууллагын нэг гэдгийг онцлов. Мөн төрийн хяналт шалгалтыг шат шатанд, хууль журмын хүрээнд, нугалаагүй, өндөр хариуцлагатай, хатуу зохион байгуулалттайгаар бүх шатанд, бүх хүчээ дайчлан ажиллах шаардлагатайг хэллээ.
Уулзалтад 21 аймаг, хилийн боомтын Мэргэжлийн хяналтын газар, албадын 2200 албан хаагчид цахимаар холбогдсон бөгөөд Шадар сайд С.Амарсайхан Архангай, Булган, Хөвсгөл, Төв, Өмнөговь аймгийн МХГ-уудтай цахимаар шууд холбогдож, нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, тодруулсан юм.
Тэрээр коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллагын нийт албан хаагчдад дараах үүрэг чиглэлийг өглөө.
– Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, халдвар хамгааллын нөхцөл байдалд тавих хяналт шалгалтыг чангатгах
– Халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих, зөвлөн туслах
– Илт хууль бус үйлдэл гаргасан, дэглэмийг удаа дараа зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд хатуу хариуцлага тооцох, олон нийтэд мэдээлэх,
– Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд экспортын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах
Уулзалтын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай, тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.