Ковидын үеийн старт-апууд

2021-05-14 Подкаст

Бизнесийн ертөнцөд гүн гүнзгий бэхлэгдсэн аваргуудтай өрсөлдөхийн зэрэгцээ өөрсдийн байр суурийг эзэлнэ гэдэг гарааны бизнесийнхэнд хүндхэн даваа. Гэтэл энэ бүхний дээрээс ковид гэгч хадны мангаа нэмэгдээд жил хагасын хугацаа өнгөрлөө. Дөнгөж хөлд орж байсан олон бизнес энэ мангаанд идүүлсэн бол цаг үеэ мэдэрсэн, тэр дундаас цахим технологид суурилсан старт-апууд түүн дээр мордчихоод хүссэнээрээ удирдаж байна. Өөрөөр хэлбэл, хэн сэтгэж түрүүлж алхана түүнд хангалттай боломжийг цар тахал өгч байгаа юм.

АНУ-ЫН ТОП СТАРТ-АПУУД НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА МАРТААГҮЙ

Linkedln 2020 оны Америкийн шилдэг 50 старт-апыг нэрлэсэн байдаг. Тэдний нэрлэсэн энэ 50 компани бол ковидын үеийн ялан дийлэгчид бөгөөд АНУ-ын зах зээлийг доргиож байгаа залуу үеийн төлөөлөл. Заримтай нь товчхон танилцья. Жагсаалтыг тэргүүлсэн better.com. Энэ бол орон сууцны зээлийг цахимаар олгогч компани.  Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ тэг болгон бууруулсантай холбоотой моргейжийн зээлийн эрэлт эрс нэмэгдсэнийг тэд анзаарч, энэ орон зайг нөхөж эхэлсэн. Өнгөрсөн оны гуравдугаар сард 1500 гаруй ажилчинтай байсан энэ компани хэдийнэ 7000 ажилчинтай болоод байна. Жагсаалтын хоёрт орсон Сан Францискод байрлалтай Doordash хүнсний хүргэлтээр тэсрэлт хийсэн. Хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа нь хоёр дахин өргөжиж эмийн сан, хүнсний бүтээгдэхүүн хүргэх үйлчилгээгээр өргөжсөн. Linkedln-ий нэрлэсэн 32 дахь компани болох Мастеркласс. Онлайн сургалтыг нэг дор төвлөрүүлж, алдарт багш нарыг эгнээндээ нэгтгэсэн сургалтын хамгийн том платформ болж чадсан.

Тэгвэл жагсаалтын хамгийн залуу буюу 17 дугаарт орсон компани болох Curative нь ковидын тестийн эрэлт хэрэгцээг мэдэрч, аман арчдас тест боловсруулсан. 10 дугаарт орсон Вердака бол байгууллагуудад аюулгүй байдлын системийг зардаг болсон. Тухайн байгууллагын хаана хүний бөөгнөрөл их байгааг тодорхойлж, цэвэрлэхийг сануулах гэх мэт маш ухаалаг системийг зохиож нэвтрүүлсэн. Тэд мөн зөвхөн ашгийн төлөө бус нийгмийн хариуцлагын хүрээнд ковидын эсрэг тэмцэлд тууштай оролцож байна. Тухайлбал, жагсаалтын 25-д жагссан FIG нь дижитал зар сурталчилгааны агентлаг бөгөөд CNN-тэй хамтран вирусын үеийн буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх кампанит ажлыг өрнүүлж байгаа. 31 дүгээр байрт жагссан, ажилчдыг сурах боломжуудтай холбодог боловсролын тэтгэмжийн компани болох Guild Education гэхэд ажлаас халагдсан ажилчдад сургалтанд хамрагдах, ажлын байрны боломжийг тодорхойлоход туслах платформыг үнэ төлбөргүй ажиллуулдаг байна.

МОНГОЛД ОНЛАЙН ДЭЛГҮҮР, ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ТЭРГҮҮЛЭВ

2019 оны намраас ковидын тархалт эхэлж, улмаар эрчимжиж манай улс халдвараас сэргийлж хөл хорио хязгаарлалтуудыг тогтоосон 2020 он бол бизнесийнхний хувьд бүхэлдээ хүнд хэцүү сорилтын жил байв. Гэхдээ манай залуу компаниуд, стартапуудын хувьд ч эрсдлээр дүүрэн зах зээлийн нөхцөл байдлуудыг даван гарч, өнгө төрхөөрөө ялгарсан нь олон байв. 2016 оноос хойш жил бүр шилдэг старт-ап компанийг нэрлэдэг уламжлалтай “Unread awards” 2020 оны гарааны шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулж, ялагчид хэмээн өргөмжилсөн нь саяхан.

2020 оны шилдэг старт-ап компаниар “Delko Solution” хүргэлтийн үйлчилгээ шалгарсан юм. Улаанбаатар хотыг 500 метрээр бүсчилж цэг бүрт ухаалаг боксыг байршуулснаар хамгийн богино хугацаанд захиалгыг түгээх бүтцийг үүсгэж чадсанаараа тэд ялсан. Цар тахлын үед хамгийн эрэлттэй, түүнтэй зэрэгцэн хамгийн ухаалаг шийдлийг нэхэж байгаа үйлчилгээ бол яах аргагүй хүргэлт. Богино хугацаанд энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч маш олон болсон. Тэдний хувьд одоо хамгийн ухаалаг менежмэнт, хурдан шуурхай байдлаар ялгарах шаардлага тулгараад байгаа.

Зай барих, халдвараас сэргийлэх шаардлага нь уламжлалт лангууны дэлгүүрүүдийг үүдийг барьсан бол онлайн дэлгүүрүүдэд харамгүй том боломжийг өгсөн. Үүнийг олж харсан платформуудыг ч “Unread awards”-аас шилдгээр нэрлэж байв. Тухайлбал, үйлчлүүлэгчийн гэрт хамгийн ойрхон, онгорхой байгаа дэлгүүрүүдийг сонгож, шуурхай хүргэлт авах замыг нээснээрээ ялгарсан “Odo shop”, тогтмол зарладаг хямдралын аян, хүнс хүргэлтийн үйлчилгээнд жишиг тогтоож чадсанаараа үнэлэгдээд байгаа хиймэл оюун ухаанд суурилсан “Shoppy”, жижиг дунд хэмжээний дэлгүүрүүдэд онлайн худалдааны иж бүрэн шийдлүүдийг санал болгосон “Zochil”, сав баглаа боодол, өвөрмөц үйлчилгээгээр ялгарсан “Banana Mall” гэсэн платформууд өнгөлсөн байдаг. Өмнөх жилүүдэд шалгарч байсан старт-апуудаас 2020 оны шилдгүүд цар тахлын үеийн цахим шилжилтийг хийснээрээ яалт ч үгүй ялгарсан юм.

ПАНДЕМИКИЙН ҮЕД ЭРЭЛТТЭЙ БАЙХ БИЗНЕСИЙН САНААНУУД

Дэлхий нийтээр цаашид ковидын халдвартай энгийн томуутай адил тэмцэж, дасан зохицож амьдрахаас аргагүй болоод байна. Тиймээс гарааны бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа залуучуудад ч боломж хангалттай өргөн байгаа юм. Эдийн засаг хүндэрч, залуучууд ажлаасаа олноороо халагдаж байгаа нь харин ч тэдэнд өмнөхөөсөө илүү авьяас чадвараа нээх боломжийг өгч байна гэсэн сонирхолтой судалгаа гарчээ. Тэгвэл пандемикийн үед болон дууссаных нь дараа ч  хамгийн эрэлттэй, амжилттай байж болох бизнесүүд юу байна вэ.

Гэрээсээ ажиллах цахим оффис

Цар тахлын өмнө гэрээс ажил хийдэг соёлыг нэвтрүүлэх нь сүрдмээр санагдаж байсан ч алсаас ажиллах нь үр бүтээлтэйгээр барахгүй олон зардлыг хэмнэсэн ашигтай байгаа нь батлагдсан. Тиймээс энэ боломжийг олгох цахим оффисын бизнесийг нэрлэж байна.

Цахим сургалт

Боловсролын байгууллагууд дижитал дэд бүтцийг аль хэдийнэ нэвтрүүлсэн ч олон бэрхшээлтэй тулгарч байсан тул удаашралтай байсан. Харин COVID-19 гарч ирэн янз бүрийн сургалтын платформуудыг нэг шөнийн дотор хөгжихөд хүргэлээ.

Цахим төлбөр тооцоо

Контактгүй шийдлийн эрэлт хэрэгцээ нь финтекийн салбарыг маш хурдацтайгаар хөгжүүлж байна. 2021 он бол төлбөр тооцооны шинэ эрин гэдгийг хэдийнэ хүлээн зөвшөөрчээ.

Эрүүл мэнд, гоо сайхан

Цар тахлын улмаас эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээ онлайнаар идэвхжиж байна. Алсын зайн оношлогоо, хяналт, онлайн фитнес, эрүүл хооллолт гэх мэт үйлчилгээнүүд эрэлттэй хэвээо байна.

Алсаас ажилладаг платформууд

Бизнес эрхлэгчид одоо алсын удирдлага буюу үүлэн хэрэглээг хүссэн хүсээгүй нэвтрүүлэх шаардлагатай боллоо. Тиймээс энэ төрлийн үйлчилгээ улам идэвхжинэ.

Цахим тоглоом

Цахим тоглоомын асар их хэрэглээ нь шинэ хандлага биш боловч цар тахлын үеэр хамгийн их ашигтай ажилласан нь цахим тоглоомын компаниуд болоод байна.

Хүргэлт ба цахим худалдаа

Энэ бол гайхмаар зүйл биш. Цар тахал нь хэрэглэгчдийн цахим худалдаа руу шилжих явцыг таван жилээр хурдасгаж байна.

Цахим аялал жуулчлал

Бидний хүсэн хүлээж байгаа нэг зүйл бол аялал жуулчлал. Гэвч сэргээхэд маш хэцүү салбар болж хувирсан тул яг л тухайн орчинд нь байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх цахим хөдөлгөөнт шийдлүүдийг боловсруулж эхэлжээ. Тогтвортой ирээдүй рүү урагшаа харж байна.

Б.СОЛОНГО

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.