“ХЯМД АМАР” аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг өнгөрөгч сарын 27-ны өдрөөс ирэх гуравдугаар сарын 31-ийн хооронд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Монголын аялал жуулчлалын холбоо” ТББ, “Монголын зочид буудлуудын холбоо” ТББ, “Айхотел” ХХК, “Дэлхийгээр аялагчид” фэйсбүүк групп, “Суперапп”-аас хамтран хэрэгжүүлэх юм.
“Ковид-19” цар тахлын улмаас хил хаалттай, хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөнийг зогсоосны улмаас аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдоход хүрсэн. Тухайлбал тур оператор, жуулчны бааз, амралтын газар, зочид буудлуудын эдийн засгийн эргэлт зогсож санхүүгийн алдагдал хүлээгээд буй.
“ХЯМД АМАР” үзэсгэлэнгийн үеэр Улаанбаатар хот, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд халдварын тархалт хумигдаж, хөл хориог сулруулах өдрүүдийг урьдчилан төлөвлөж анх удаа үйлчилгээгээ 50 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр иргэдэд санал болгох гэж байна. Иймд үзэсгэлэнгийн өдрүүдэд иргэд аяллаа төлөвлөж, хөнгөлөлттэй үнээр захиалгаа баталгаажуулаад хүссэн үедээ хямдаар амарч, үйлчлүүлэх боломжтой.
Одоогийн байдлаар 90 гаруй зочид буудал, амралтын газар, жуулчны баазууд энэхүү үзэсгэлэнд оролцож, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээгээ санал болгохоор бүртгүүлсэн. Мөн үзэсгэлэнгийн хугацаанд Улаанбаатар хот болон 21 аймагт аялал жуулчлалын цахим үзэсгэлэн шат дараатай зохион байгуулагдана.
Аж ахуйн нэгжүүдийг тус үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах, мөн иргэдийг аяллаа төлөвлөхдөө өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ авч, хямдаар аялах захиалгаа өгөхийг уриалж байна.
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.