Сонгуулийн Ерөнхий хорооноос дөнгөж сая Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулж өглөө. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсан нэр дэвшигч Миеэгомбын Энхболд олон нийтэд хандаж “Зуны эхэн сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. МАН-аас нэрийг минь дэвшүүлж, ихээхэн итгэл найдвар, хариуцлагатай үүргийг хүлээлгэж байна. Энэхүү үүргийг ард түмнийхээ хүчээр шударга өрсөлдөж, ялалтаар хариулах болно гэдэгтээ итгэлтэй байна. Монголчууд эвтэй байхдаа эх орныхоо хөгжил цэцэглэлтийг бүтээж явсан түүхтэй. Эв эвдэрсэн үедээ монголчууд ээдэрч явсан удаатай. Тиймээс нэг байр суурь, нэг зүг рүү харж гэмээнэ ялалт байгуулна. МАН-аас нэр дэвшигч ялалт байгуулж байж, улс орон эдийн засгийн хямрал, хүнд байдлаас гарна. Монголчууд НЭГ МОНГОЛ болохын төлөө зайлшгүй ялалт байгуулах ёстой. Үнэн шударга өрсөлдөж бүгдээрээ ялалт байгуулъя. Миний хувьд ЭЭЛТЭЙ, ЭВТЭЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ нэр дэвшиж байна. Монгол ялах болно” хэмээн хэлсэн юм. Тав дахь Ерөнхийлөгчөө сонгох энэхүү хариуцлагатай үйл ажиллагаанд өөрийн намын нэр дэвшигчээ дэмжихээр МАН-ын ууган лидерүүд болох Н.Багабанди, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар хүрэлцэн ирсэн байв. Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуульд нь амжилт хүсээд “Миеэгомбын Энхболдыгоо Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болоорой гэж ерөөе. Ард түмнийхээ итгэлийг дааж, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн Ерөнхийлөгч болоорой. Улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, монгол түмнээ хангалуун, аз жаргалтай амьдруулахыг хүсэн ерөөе” гэж захисан юм. Түүнчлэн нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах арга хэмжээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, урлаг, спортын алдартнууднаас гадна 10 мянга орчим гишүүн дэмжигчид хүрэлцэн ирж, амжилт хүслээ. О.Анир |
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30410
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.