АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хилийн чанад дахь анхны айлчлалаа Арабын орнуудаас эхэлсэн. Ерөнхийлөгчийн ажилдаа ормогц исламын шашинт зургаан орны иргэдийн АНУ-д зорчих эрхийг хасахаас эхлээд 1,6 тэрбум муслим шашинтнуудад сөрөг ойлголт төрүүлээд байсан Д.Трамп айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүлсэн нь санамсаргүй хэрэг биш. Тэрээр исламын шашинтнуудад төрүүлсэн сөрөг сэтгэгдлийг арилгаж, харилцаагаа эргэн сайжруулахын тулд Саудын Арабт зочлохын сацуу тэнд исламын шашинт 55 улсын төр засгийн тэргүүнтэй уулзаж амжсан юм. Трампын айлчлалын үеэр Араб-Ислам-Америкийн чуулган Саудын Арабт болж таарсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч энэ боломжийг ашиглан муслимын ертөнцөд хандан үгээ хэллээ.
Муслимын ертөнцөд тэр чигээр нь хориг тавьж байна гэж шүүмжлүүлж байсан Д.Трамп засаг захиргааныхаа бодлогыг тайлбарлахдаа Америк исламтай дайн хийгээгүй. Энэ бол шашин шүтлэг, итгэл бишрэл, иргэншил хоорондын дайн биш. Энэ бол танхай балмад гэмт хэрэгтнүүдийн эсрэг хийж буй сайн, муугийн тэмцэл хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Мөн түүний үгэндээ онцолсон өөр нэг гол санаа бол “Муслимын орнууд, Ойрхи Дорнодыхон өөрсдөө терроризмын эсрэг одоогийнхоос хоёр дахин хүчтэй тэмцэх хэрэгтэй. Үүнд АНУ-ын хүчийг хүлээх хэрэггүй” гэсэн юм. Д.Трамп муслимын ертөнцөд лекц унших гэж ирээгүй гэдгээ хэлсэн ч Арабын орнууд өөрсдийн ирээдүй, хувь заяа, үр хүүхдийнхээ төлөө өөрсдөө л зүтгэж, терроризмыг устгаж, алан хядагчдыг ертөнцөөс арчих хэрэгтэй гэж уриалжээ.
Ирак, Сири дэх Исламын улс бүлэглэлийг устгахыг зорьж буй Д.Трамп зорилгодоо хүрэхийн тулд Муслимын орнуудтай илүү үр дүнтэйгээр хамтран ажиллах хэрэгтэй байгааг хүлээн зөвшөөрсөн боловч эцсийн дүндээ терроризмын хохирогчдын үнэмлэхүй олонх буюу 95 хувь нь ислам шашинтнууд байгаа учраас арабын орнууд өөрсдөө хүч хаяж, идэвхтэй тэмцэх хэрэгтэйг дахин сануулсан юм.
Б.Номун
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.