“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд боллоо.
Сонсголын үеэр Сангийн сайд З.Мэндсайхан “Монгол Улсын төсвийн бодлого ба нийслэлийн төсвийн уялдаа, санхүүжилтийн эх үүсвэр, хууль тогтоомжид нийцсэн эсэх болон анхаарах асуудал (2024-2026 он)” сэдвээр илтгэл танилцуулсныг хүргэж байна.
Тэрбээр “Нийслэлийн төсвийн орлого 2025 оны гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оныхоос 24 хувиар өссөн. ХХОАТ болон ААНОТ нь нийслэлийн орлогын 70 орчим хувийг бүрдүүлж байгаа нь нэгдсэн төсвийн 40 орчим хувиас өндөр үзүүлэлт. Нийслэлийн орлогын 52 хувийг ХХОАТ бүрдүүлдэг.
Нийслэлийн төсвийн зарлага 2025 гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оныхоос 32 хувиар өссөн. 2022-2026 он хүртэлх хугацаанд зарлагад тасралтгүй тэлэлт үүссэн. 2022 онд 1.4 их наяд төгрөгийн зарлагатай байсан бол 2026 онд 7.8 их наяд төгрөгт хүрсэн.
Нийслэлийн төсвийн алдагдал 2026 оны төлөвлөгөөгөөр 2.4 их наяд төгрөгт хүрч нэгдсэн төсвийн алдагдлын 232.8 хувьтай тэнцэж байна. Нэгдсэн төсвийн алдагдалд нэг их наяд төгрөг байгаа бол нийслэлийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн. Нийслэл Улаанбаатар хотын төсвийн алдагдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байна.
Нийслэл өнөөдрийн байдлаар 2.5 их наяд төгрөгийн гадаад болон дотоодын үнэт цаас гаргасан байна. Энэ нь Засгийн газрын өр дээр бичигдэж байгаа, төлөлт дээр эрсдэл үүсвэл Засгийн газар хариуцаж төлнө, нийслэл төлөхгүй. Энэ нь улсын төсөвт маш том ачаалал болж орж ирнэ” гэв.
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
7 цагийн өмнө
2026-06-15
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.