Ухвар бодолтой урагшгүй ноёдын балаг нэгийг дуулгах вий дээ

2020-11-17 Нийгэм

Дэлхийн нийтийг цочроосон цар тахлыг манай улс арав орчим сар дотооддоо алдаагүй хэмээн олон улсад магтуулж байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр бид хатуу хөл хорионы анхны “дуут дохио” хангинуулан зөвхөн гэр гэртээ гэсэн командаар амьдарч байна. Төр засгаас иргэдийг “Гэрээсээ битгий гар, Олон хүнтэй газар битгий оч, Бөөгнөрөл бүү үүсгэ, Хоорондын зайгаа барь” хэмээн цаг тутам анхааруулж, гудамж талбайд хэдхэн алхаад л үүрэг гүйцэтгэх хүчнийхэн. Тэр чинээгээр иргэдийн дийлэнх нь үүргээ хангалттай гүйцэтгэж, эх орон элгэн садныхаа төлөө чадлаараа хичээсээр буй юм.

Харин шийдвэр гаргах түвшинд суугаа зарим эрх мэдэлтнүүд ил хэцүү цаг үед гаргасан шийдвэр тушаалынхаа эсрэг иргэдийг “турхирч”, аль болох бөөгнөрөл үүсэх эрсдлийг сүүлийн гурван өдрийн турш амжилттай гүйцэтгэлээ. Уржигдар гэхэд л “Нөөцийн мах” зарах нэрийдлээр хэдэн зуун хүнийг нэг дор бөөгнөрүүлж, хэдэн ч цагийг барав даа. Харин өчигдөр “Тусгай зөвшөөрөл” олгоно гэх шалтгаанаар Нийслэлийн захиргааны байрны гадаа иргэдийг олноор нь зогсоож, мөн л вирус тарах нөхцөлийг бий болгосон. Гэтэл өнөөдөр “Иргэдээс ковид-19 вирусийн үнэгүй шинжилгээ авах” зар тарааж, бас л иргэдийг нэгэн дор цуглуулах эрсдлийг бий болгож байна. Үнэндээ халдвар авсан иргэдийн хавьтагч нар нийслэлд байтугай орон нутгийн хаана явааг одоогийн байдлаар эцэслээгүй. Гэтэл төрийн байгууллагууд нь “Иргэн та гэрээсээ гараад ир” гэсэн аятай шийдвэрүүдийг өдөр бүхэн лүндэн болгон буулгах нь яах аргагүй энэ цагийн зарим эрх мэдэлтнүүдийн  тэнэглэл. Тиймээс л төр засгаас үнэхээр иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж байгаа бол ул суурьтай шийдвэрийг бултаараа сууж, эргэж буцахгүй байхаар нэг мөр гаргахыг хүсэж байна, тамга атгасан ТОМ ДАРГА нар аа…

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.