Энхсаран сувилалаас халдвар гараад ЗУРГАА хонож байхад, ӨНӨӨДӨР л хааж байна

2020-11-16 Нийтлэл

 

 

Дэлхийн хүчирхэг гүрнүүдийг ч сөхрүүлж буй “Ковид-19” цар тахлыг манай улс бүтэн арван сарын турш дотооддоо тархаахгүй барьж чадсан ч асуудал сөргөөр эргэчихлээ. Өөрөөр хэлбэл, монголчууд бидний өмнө эв нэгдлээ улам бататгах, хичээл зүтгэлээ нэмэгдүүлэх, сонор сэрэмжээ дээшлүүлэх үе ирлээ. 

Учир нь “Алтанбулаг” боомтоор орж ирсэн ачаа тээврийн автомашины жолооч 29 настай Д-ээс коронавирусийн халдвар илэрч, манай улс анх удаа хатуу хөл хорио тогтоогоод байна. Хамгийн гол нь дотоодоос халдвар авсан гэх жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гарсны дараа тус халдвар илэрсэн бөгөөд жолоочийн гэр бүлийн хүн мөн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдоод байгаа юм.

Тэгвэл уг халдвар гадагш тархах болсон шалтгааныг тусгаарлалтын горим зөрчсөнөөс үүдсэн гэх мэдээлэл гарах болсон. Түүгээр зогсохгүй тус жолоочийн тусгаарлагдаж байсан Энхсаран сувилалаас халдвартай нь батлагдсан хүний тоо өнөөдөр /2020.11.16/-ийн байдлаар 45-д хүрээд байна. Тэдний олонх нь тус сувилалд тусгарлагдаж байсан иргэд бол бусад нь тус сувилалын ажилтнууд аж. Хамгийн гол нь энэ мэдээллийг УОК-ийн хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үгүйсгээгүй, толгой дохиж суусан билээ.

Гэвч тус сувилал нь өчигдрийг болтол ажилласаар байв. Тус сувилалд өнөөдрийн байдлаар 81 иргэн тусгаарлагдаж байгаа бөгөөд арав гаруй ажилтан ажиллаж буй гэнэ. Харин өнөөдөр л тус сувилалын үйл ажиллагааг зогсоож, бүрэн хаахаар болжээ.

Харин нөгөө талд эрх мэдэлтнүүд болоод холбогдох албаныхан яагаад ийм хариуцлагагүй юм бэ. Энэ газар нь халдварын голомт мөн болохыг салбарын сайд нь тодруулсаар байхад анх халдвар бүртгэгдсэн өдрөөс хойш буюу бүхэл бүтэн зургаан хоног дэлхий ч цөхөрч буй цар тахлын энэ үед ингээд хэнэг ч үгүй өвчтэй, өвчингүй нь мэдэгдэхгүй баахан хүнийг халдвар гарсан ийм газар байлгаад байдаг нь ямар учиртай юм бэ. Ер нь төсөв мөнгийг нь төлөн барин байж, заавал ийм газарт иргэдээ тусгаарлах ямар шаардлага байсан юм бол, энэ төрд. Түүгээр зогсохгүй тухайн сувилал нь нийтийн душтэй байснаас гадна, сувилалын өрөөнд хулгана гүйлддэг  зэргээр ариун цэврийн шаардлага хангахгүй байгааг тусгаарлагдаж байгаа иргэд хэлсээр байхад л төрийн хараа хяналт дутаад зогсохгүй тус газрын үйл ажиллагааг өнөөдөр дөнгөж зогсоож буй нь жинхэнэ эмгэнэл юм даа…

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.