Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно

2020-11-12 Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, үндэсний баяр наадмыг зохион байгуулахад учирч буй хүндрэл бэрхшээл, маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор тухайн үйл ажиллагаанд оролцдог төрийн байгууллага, холбоодыг хамруулсан уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Хууль зүйн бодлогын газрын дарга, шинжээч, ахлах мэргэжилтэн, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ЦЕГ, Улсын баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хороо, төрийн бус байгууллагаас Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын харваачдын нэгдсэн холбоо, Монголын шагайн харвааны холбоо, Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбоо, Буриад сурын холбоо, Урианхай сурын холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлэгт оролцсон дээрх байгууллагын төлөөллүүдээс үндэсний баяр наадам, хурдан морины уралдаан, сур харваа, шагайн харвааныг зохион байгуулахад үүсэж буй хүндрэл бэрхшээл, маргаан, хууль, дүрэм журмын хоорондын зөрчил хийдлийн талаар, энэ нь ихээхэн маргаан үүсгэж байгаа талаар нээлттэй ярилцаж, тухайн асуудлыг шийдвэрлэх боломж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар тодорхой санал, шүүмжлэлийг гаргасан. Тодруулбал, Улсын баяр наадмын хурдан морины уралдаанд монгол, эрлийз морийг ялган уралдуулах аргачлал, уяач, харваачид олгох цол чимгийг олгох, баяр наадмыг зохион байгуулагч нарт оногдуулах хариуцлага, гомдол маргааныг шийдвэрлэх механизмыг бий болгох, Үндэсний баяр наадмын тухай хууль түүнийг даган гарсан дүрэм, журмын хийдэл, зөрчлийг арилгах, эрх орчныг шинэчлэх талаар үнэтэй санал, зөвлөмжүүдийг гаргасан юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд ХЗДХЯ-ны зүгээс оролцогчдын тавьсан хүндрэл бэрхшээлтэй асуудал, шийдвэрлэх арга зам, санал зэргийг судалж, Үндэсний баяр наадмын тухай хууль, уг хуулийг даган гарсан дүрэм, журмыг боловсронгуй болгоно гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.