Толгойгоороо хөл хийгч ТӨХК-д хяналт тавъя

2021-02-10 Нийгэм

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниуд нийтдээ ойролцоогоор 32 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй гэсэн холбогдох албадын тооцоо судалгаа бий. Гэвч эл салбарт төрийн хяналт дэндүү сул, ёстой л толгойгоороо хөл хийж урсгалаараа ажиллаж байна. Өглөө хэдэн хүн ирж, гарын хээгээ бүртгүүлэн цалингаа авч байвал, улс оронд энэ ажил нь өгөөжтэй байна уу, үгүй юу гэдэг нь түй ч падлийгүй бололтой. Учир нь тэд 0.4-0.6 хувийн л ашигтай ажиллаж байна. Хувийн компаниар бол хэдийнэ хаалгаа барьчихсан хэмжээний үзүүлэлт юм.

Харин нөгөө талд төсвийн алдагдал хэдэн их наяд төгрөгт хэдийнэ хүрчээ. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын төсвийн орлого тасарч, зардал өсөж, өр нэмэгдсэн гэсэн үг. Гэхдээ манай эрх баригчид их өөдрөг үзэлтэй юмсанж. Энэ онд цар тахал намжиж, манай улсын эдийн засаг сэргэнэ гэсэн гэгээхэн мөрөөдлөөр төсвөө баталчихсан. Ер нь нэлээд гэгээхэн төсөв шүү. Тэднийхээр бол ирэх онд дэлхийд коронагийн тархалт буурч, гадаад эрэлт сэргэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх, Оюутолгойн зэсийн баяжмал дахь металлын агууламж сайжирч, уул уурхайн салбар идэвхжих зэрэг нь өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэсэн цээжний хонжоо хийж, цаасан дээр том том тоо тавьчихсан. Аан бас тэр ч бүү хэл 2022 онд гадаад эрэлтийн таатай байдал үргэлжилж, зэсээс бусад уул уурхайн үйлдвэрлэл эдийн засгийн өсөлтийг тэтгэх хүлээлттэй л байгаа гэнэ шүү. Гэтэл бусад улс орнууд хэрвээ гэсэн эрсдлээр хамаг байдаг хэрэглээгээ танаж, аль болох хэмнэхийг хичээж байна. Харин манай улсын төрийн эрх барих “цагаан захтнууд” энэ мэтчилэн мөрөөдлийн жагсаалт биччихсэн суугаа…

Уг нь төсвийн орлогоо хэрхэн яаж, дотоодоосоо хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэйсэн. Ядаж л улсын төсвөөс даруй 2-3 дахин их, ДНБ-ний 80 орчим хувьтай тэнцэхүйц том хөрөнгө мөнгөтэй ТӨХК-иудаасаа хэдэн төгрөг ахиу олох боломж эрэлхийлээсэй билээ. Гэтэл гаднаас өр тавьж, урд хормойгоо хойдхиороо аргацаах энэ төрд өөрийн гэсэн толгой байна уу. Ямартай ч эхний ээлжинд ТӨХК-ийнхаа дотоод ажиллагаанд хяналт шалгалт оруулж, одоо л энэ газруудынхаа өгөөжийг хүртэе. Нарийн яривал ТӨХК дангаараа ч энэ улсыг тэжээх хэмжээний зоос мөнгө эргэлдэж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч эл салбарыг хараандаа авч, улс оронд түшиг болохуйц шүүсийг нь шахаасай билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.