Үндсэн хуулийн өөрчлөлт хийх тухай өчнөөн жил ярьж байна. Харамсалтай нь, сонгуультай давхцуулж ард нийтийн санал асуулга гэгчээр яаран дааран хийх гэсэн оролдлого хоёр дахь удаагаа явагдаж байна. Ноднин УИХ-ын сонгууль болох гэж байхад Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж баахан сүржигнээд бүтэлгүйтсэн. Энэ жил бас л зөвлөлдөх санал асуулгын хууль гэж нэг юм батлаад түүнийхээ дагуу хэлэлцүүлэг маягийн юм хийгээд хам хум бичсэн төслийг гишүүд өнгөрсөн долоо хоногт гар дээрээ авлаа л даа.
Төслийг нь аваад үзэхээр гурван юм ажиглагдаж байна. Нэгдүгээрт, Монголд дахиад гадаадын нэг туршилт явагдах юм байна. Хоёрт, Үндсэн гол асуудал буюу ард түмний хүсээд байгаа зүйл алга. Миний ажигласнаар бол ард түмний нэг хэсэг нь парламентын засаглал бүтэхгүй юм байна, Ерөнхийлөгчийн засаглалд шилжье гэсэн зүйл яриад байгаа шүү дээ. Нөгөө хэсэг нь хоёр танхимтай парламенттай болъё гэж яриад байгаа. Гэтэл хоёр танхимтай парламентын асуудал ч байхгүй. Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, үгүй юу гэдэг нь ч байхгүй байна. Гуравдугаарт, хожим гарах муу үр дагаврыг нь тооцоогүй байж Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх хийрхэл. Ийм асуудалд туйлын болгоомжтой хандах учиртай миний олон жилийн зарим найз нар харин ч танигдахаа байгаад галзуу юм шиг зүтгээд байхаар чинь яалтай ч билээ. Үндсэн хуулийн өөрчлөлт бол сонгуулийн үеэр даргадаа барьдаг бэлэг биш шүү.
Ерөнхий сайд нь сайд нараа томилдог болно гэж яриад байгаа. Өөрчлөлт оруулах гол зорилго нь ердөө л энэ, бусад нь халхавч, дайвар шинжтэй. Хуулийн төслийг аваад харахаар Засгийн газар парламентын хяналтаас гарч байна шүү дээ. Нөгөө талаар Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмнэ гээд байсан. Гэтэл хуулийн төслийг харахаар Ерөнхий сайдыг сар болгон өөрчлөх хөшүүрэг ороод ирж байна. Сайд нар муу юм хийвэл Ерөнхий сайд шууд огцрох л хуулийн төсөл байна лээ.
Манай Үндсэн хуулийн суурь зарчим нь парламентын бүгд найрамдах улс гээд биччихсэн байгаа. Би анхны Үндсэн хууль баталсан 1992 оноос хойш тасралтгүй УИХ-д сууж байгаа хүн. Энэ хугацаанд сайд нарыг УИХ томилсноос муу юм болоогүй. Ер нь баг, хорооны Засаг дарга нарыг томилохын тулд ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж ямар юм байдаг юм бэ? Төрийн хяналтын байгууллагыг Үндсэн хуулийн байгууллага болгоно гэж бичсэн байна лээ. Одоо аудитын байгууллага гэж байгаа. Аймаг болгонд хөлтэй, түүнийхээ ажлыг сайжруулахгүй юу. Заавал Үндсэн хуульд төрийн хяналтын байгууллага байна гэж оруулахаар энэ байгууллагын ажил сайжрах юм уу. Төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн байгууллага болгоно гэсэн байна. Одоо тэр байгууллага нь байгаа шүү дээ. Үндсэн хуулийн байгууллага болгочихоор юм сайжирчихдаг бол шүүх, прокурорын ажил сайжрах ёстой биз дээ. Үгүй л байгаа биз дээ.
Хэдэн яамны нэр цохоод биччихсэн. Тэр нь болж байгаа ч юм уу, болохгүй байгаа ч юм уу. Үндсэн хуулийн суурь зарчмууд хэвээрээ. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог нь хэвээрээ, парламентын 76 хэвээрээ, шүүгч нарыг томилдог зарчим хэвээрээ. Ийм хоёрын хооронд юмаар ард нийтээс санал асууж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж юу байх вэ.
Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихсэн байхад цаг хугацааны хувьд яавч тохирохгүй байна. Хуулийн төслөө ч өргөн мэдүүлээгүй байж байдаг. Зөвлөлдөх санал асуулгын хуулиас гадна Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль гэж айхтар хайрцагласан хуульд өөрчлөлт оруулах ёстой. Тэр хууль маш хүнд процедуртай. Түүнийгээ алгасахын тулд саналыг 65 хоногоос доошгүй хугацаанд авна гэснийг 21 болгож өөрчилье гээд Засгийн газар хуулийн төсөл өргөн мэдүүлээд явж байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг Засгийн газар дээр байгуулахад нь би “энэ чинь буруу, та нарын хийдэг ажил биш” гэж хэлж байсан. Сонсоогүй. Одоо хар даа. Ерөнхий сайд нь сайдыг шууд томилох ганц л шинэ юм орж ирж байна. Ард түмний санал асуулга нэрийн дор ганц хүний эрх мэдлийг нэмэх, засгийг парламентын хяналтаас гадуур байлгах гэсэн энэ оролдлого надад ордны хуйвалдаан гэж харагдаж байна.
Ядаж л эрх барьж байгаа нам намынхаа түвшинд том хэлэлцүүлэг хийх, бусад намуудыг татан оролцуулах, олон нийтийн санал бодлыг нухацтай сонсох хэрэгтэй шүү дээ. М.Энхболд долоо хэмжиж, нэг огтолно гэж хэлсэн биз дээ. Намын дарга нь долоо хэмжиж нэг огтолно гээд илтгэл тавьчихсан байхад ингэж хам хум юм хийж болох уу. Ч.Сайханбилэг ганц жил Ерөнхий сайд хийхдээ юу болсныг манайхан мартсан л юм байхдаа. Ерөнхий сайдад эрх мэдэл дутаагүй гэдгийг би баталгаатай хэлж чадна.
Ерөнхий прокурорыг Ерөнхий сайд томилох санал оруулна гээд байна. Эх газрын системээр хууль зүйн сайд нь Ерөнхий прокуророо удирдаад явчихдаг. Манайх бол Ерөнхийлөгч нь томилдог хаа ч байдаггүй системтэй. Одоо бүр эрүүгийн хэрэгт хяналт тавьдаг прокурорыг томилох саналыг Ерөнхий сайд нь оруулдаг хаа ч байхгүй тогтолцоог оруулж ирж байна. Энэ мэтээр ярих юм бол дэвшилттэй гэхээсээ согогтой тал нь давамгайлсан төсөл болж.
Одоогийн Засгийн газар, сайд нарыг сайн ажиллахыг Үндсэн хууль байг гээгүй шүү дээ. Одоогийн шүүгч нарыг сайн ажиллахыг Үндсэн хууль битгий гээгүй. Одоогийн Ерөнхий прокурорыг ажлаа сайн хийхийг Үндсэн хууль хориглоогүй. Хүнээсээ л болж байгаа. Хүнээс болоод болохгүй байгаа юмны шалтгааныг Үндсэн хуулиас хайгаад байх юм бол Монгол хэзээ ч өөдлөхгүй. Ажил хариуцах чадваргүй, хариуцлагагүй, мэргэжлийн бус, шуналтай этгээдүүдийг сайд, даргаар томилж, ажил алчихаад шалтгааныг нь Үндсэн хууль руу тохоод, өөрчлөөд байж болохгүй биз дээ.
Ер нь парламентын баталсан Үндсэн хуулийг ард түмний санал асуулгаар өөрчилдөг юм дэлхийд байдаггүй. Санал асуулгаар нэг шийдвэл хөдөлж болдоггүй. Монгол Улс 1946 онд анхны бөгөөд сүүлчийн санал асуулгаа явуулсан. Тэр үед Монгол тусгаар улс байна гэсэн ганц л санал асуулга явуулсан. Ийм л юмаар санал асуулга явуулдаг болохоос багийн засаг даргыг томилох уу гэж ард түмнээс асууна гэж юу байдаг юм бэ? Галзуу л биш бол ийм санал асуулга явуулах хэрэггүй.