Аваргын зүрх үхэж байна гэхээр ай мөн ядуу хорвоо шүү

2020-10-13 Нийгэм
За манай энэ цэцгэнд төөрсөн эрвээхэй, циркт бүдэрсэн аварга болсон шүү дээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр Улсын циркийн байшинд улгүй шороодож, ухаангүй дурлачихаад яваа их аварга инээдтэй бөгөөд эмгэнэлтэй харагдаж байна. Мань эрд Улсын циркийн байшин улсын нэр гаргадаг энэ урлагаас илүү, угтаа өөрийнх нь нэр нүүрээс илүү үнэтэй байж дээ. Ингээд бодохоор мөн ч ядуу байгаа юм шүү. Хүүхэд шуугиж, циркчид сургуулилт хийж, үе үе гаднын цирк ирж инээд хөөр бэлэглэдэг байсан Улсын циркийг Д.Дагвадорж 2007 онд менежмэнтийн хувьчлал нэрээр өөрийн болгосноос хойш Монголын циркчид гудамжинд гарч, морь чоно гээд сургуультай амьтад нь орох оронгүй үрэгдэж, залуу үеийнхнийг бэлтгэн гаргадаг Циркийн сургууль шороотой асар, шорон шиг пудвол хэсээд явж байдаг болсон. Харин нөгөө циркийн дугуй байшин маань уушийн газар, засвар, машин тэрэгний чимэг гоёо зардаг хар зах болов. Хамгийн сонин нь 13 жилийн турш Улсын циркийн байрыг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй, менежмэнтийн хувьчлалын хууль дүрмийг зөрчсөн хэрнээ манай ялгуусан хүчит их аварга байшинг нь буцаагаад өгчихнө гэхээр л хамаг зүрх зориг нь үхээд яваа хүн гээд болохоор ээ мөн шалихгүй хорвоо, ялихгүй их шунал юм. За тэгээд Аса аварга хаана юу ч хандивлаж туслаад нэмэргүй, бүхэл бүтэн урлаг сөнөөн байж байшинг нь түрээслүүлж олсон мөнгөнөөсөө л хялайлгаж байгаа нь тэр шүү дээ. Улсынхаа нэрийг арлын Японд гаргалаа гээд ужиг шагнал, урт амбиц нэхээд явдаг бол Улсын циркийнхэн дэлхийд дээлтэй Монголынхоо нэрийг өөрөөс чинь илүү гаргаж, өнөө ч дуудуулсаар яваа шүү. Адилдаа адил, авсан шунасан нь харин энэ хүн. О.Магнайгаас эхлээд одооны даргаар нь удаалаад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан Аса аваргаас байшингаа авч циркчдэд өгөх гээд бардаггүй дээ. Энэ их аварга тэр дугуй байшинд ингэтлээ шунаж, тэгтлээ хүнээ алдах гэж байдагаа бас. За үүнийг хамгийн ойлгомжтой үгээр бол шууд дээрэм гэдэг юм. Монгол түмэн харсаар байгаад урдаа барьдаг циркчидээ, Улсын циркийн байшинтайгаа, урлаг соёлын бүхэл бүтэн нэг төрөлтэй хамт энэ хүнд дээрэмдүүлж байна. Одоо цагт олны нүдэн дээр ингэж ил цагаан дээрэм хийчихээд инээгээд явж байдаг ичгүүргүй хүнийг юу гэх вэ? Ганц байшин, газар хоёрт нь аль хэдийнэ өвдөг шороодож, өчиг тавьчихаад байгаа хэрнээ домогт их аварга гэхээр дороо дэвхцээд явахыг яана. Бод доо, 13 жил…нэгэн үеийн хүүхдүүд циркгүй өсч, циркийн урлагийг танилгүй өндийж байна. Цирк ирэхгүй, Аса аварга залгичихсан гэж тэдэндээ зүгээр л шулуухан хэлчихэж байхаас даа. Аса аварга гэж хэн юм бэ гэж тэд лав асууна. Цадахаа мэддэггүй мангас гэх юм уу, хаашаа юм?
Сэтгүүлч Р.Эмүжин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.