-Инноваци шингээж чадахгүй бол манай 60 сая мал урд хөршийн 21 хоногийн хүнсний хэрэгцээг хангаад л дуусах баялаг –
Энэ удаагийнхаа “Онцлох сэдвээр” буланд ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор, МҮХАҮТ-ын Шинжлэх ухаан, технологи, инновацийн зөвлөлийн дарга док(ScD)., проф. Л.Оюунцэцэгийг урьж, ирэх долоо хоногт зохиогдох “Монголын инновацийн 7 хоног–2017” арга хэмжээний талаар болон Монгол Улс дахь инновацийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар ярилцлаа.
-1980-аад оноос өндөр хөгжилтэй улс орнуудад инновацийн буюу мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх талаар эрчимтэй ярьж эхэлсэн. Манай улсын хувьд энэ талаар сүүлийн жилүүдэд эрчимтэй ярьж, хөгжүүлэх арга замыг эрэлхийлж байгаа. Ер нь Монгол Улсын хувьд дэлхийн инновацийн хөгжлийн түвшний хаахан нь яваа бол… Судлаач хүнийхээ хувьд Та юу гэж дүгнэмээр байна?
-Орчин үеийн дэлхийн эдийн засгийн чиг хандлагаас үзэхэд мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийг нийтээрээ зорьж байна. Мэдлэгийн эдийн засаг нь улс орны бий болгосон нийт үндэсний баялаг болох ДНБ-ний дийлэнх хувийг оюун ухаан буюу мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ эзэлдэг, өндөр технологийн үйлдвэрлэл эдийн засаг, аж үйлдвэрийн салбарт давамгайлдгаараа онцлогтой. Иймд мэдлэгийн эдийн хөгжилд инноваци шийдвэрлэх үүрэгтэй. Инновацийг товчоор хэлбэл, аливаа шинэ бүтээл, шинэ санааг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялаг болгож хувиргах үйл ажиллагаа, түүний үр дүн гэж үзэж болно. Инновацийн хамрах хүрээ, үүрэг улам бүр өсөн нэмэгдсээр байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ, Эдийн засаг, аж үйлдвэр, үйлчилгээний салбараас гадна нийгмийн хүрээнд нийгмийн инноваци хөгжиж байна. Тэр бүү хэл төрийн удирдлага, бодлогын хүрээнд ч инноваци хийх, нэвтрүүлэх тухай ярьдаг болоод байна. Ер нь нийгэм, эдийн засаг, төрийн удирдлагын салбарт дэвшилтэт үр нөлөө авчрах шинэ буюу шинэчлэгдсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн процесс, мөн удирдлага, зохион байгуулалт, санхүү, эдийн засгийн болон бусад дэвшилтэт шийдлүүдийг инноваци гэж үзэж болно. Манай орны хувьд дэлхийн түвшинтэй харьцуулахад шинжлэх ухаан технологи, инновацийн хөгжил нэлээд доогуур, эхний шатандаа байгаа нь нууц биш. Зарим хүмүүс манай Монголд инновацийг хөгжүүлэх бааз суурь бүрдээгүй гэдэг. Гэвч бид үндэсний баялгаа илүү үнэ цэнтэй болгохыг тулд, цаашилбал, улс орноо хөгжлийн хоцрогдлоос гаргахын тулд харин ч инновацийг бүр илүү анхаарч хөгжүүлэх ёстой.
-Мэдлэгийн эдийн засгийг бий болгохын тул ямар нийтлэг шалгууруудыг давж гарах ёстой вэ?
-Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхийн тулд дараах 4 гол тулгуурыг бий болгох шаардлагатай гэж үздэг. Нэн түрүүнд, мэдлэгийн эдийн засгийн эргэлтэд оруулах эдийн засгийн оновчтой механизм, хөшүүрэг бий болгох, Хоёрдугаарт боловсролтой, мэдлэг, чадвартай, хамгийн гол нь бүтээлч сэтгэлгээтэй хүний нөөц бүрдүүлэх, Гуравт, мэдээлэл харилцааны технологийг өргөн хүрээнд хөгжүүлэх, Дөрөвдүгээрт, улс орны хэмжээнд мэдлэгийг баялаг болгож хувиргах гол механизм болох Үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бий болгож, хөгжүүлэх нь чухал. Ер нь мэдлэгийн эдийн засгийн хөгжилд байгалийн нөөц, материаллаг баялгаас илүү хүний оюун ухаан, мэдлэг шийдвэрлэх үүрэгтэй. Иймээс оюун ухаан, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан салбарууд нь түлхүү хөгжиж, биет бус хөрөнгө оруулалт буюу мэдлэг олгох, мэдээлэл түгээх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, судалгааны институциуд чухал үүрэгтэй болж байна. Материаллаг баялгийн үйлдвэрлэлээс илүү үйлчилгээний эдийн засаг давамгайлах болсон гэсэн үг л дээ.
-Мэдлэгт суурилсан эдийн засгийн талаар яриад багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл амьдрал дээр нэг л хэрэгжиж өгөхгүй, цөөн салбарт, багахан хүрээтэй байна. Яг энэ чиглэлээр судалгаа хийж, эрдмийн зэрэг хамгаалсан хүний хувьд хөгжихгүй байгаа шалтгааныг хэрхэн тодорхойлох вэ? Мөн тодорхой ямар санал дэвшүүлэх вэ?
-Миний хувьд Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоо бүрдүүлэх онол-арга зүйн үндэс гэсэн сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Судалгааныхаа хүрээнд Монгол Улсын ШУТ, инновацийн хөгжлийн түвшин болон Үндэсний инновацийн тогтолцоо бүрдүүлэх урьдач нөхцөл ямар байгааг тодорхойлж, цаашид Монгол Улсыг инновацийн чиг баримжаагаар хөгжүүлэх ямар боломж, арга зам байгааг санал болгох оролдлого хийсэн. Улс орны хөгжлийн бодлогын үзэл баримтлалыг шинэчлэх талаар тодорхой санал дэвшүүлсэн. Манай орон жижиг эдийн засагтай орон. Ийм эдийн засаг мэдээж, цөөнгүй сул талтай. Жишээлбэл, үндэсний эдийн засгийн чадавх сул, зах зээл багатай, олон улсын хөдөлмөрийн хуваарьт хамрагдах оролцоо бага, хөрөнгө оруулалтын боломж хязгаарлагдмал гэх мэт. Бид бүгд гол төлөв эдгээр сул талуудыг л анхаарч, хөгжлийн бодлого ч үүнд тулгуурлаж ирсэн гэж хэлж болно.
Манай улс дэлхийн эдийн засагт жижиг бизнесийн үүрэг гүйцэтгэж болохгүй гэж үү гэсэн санаа төрсөн. Манайд экологийн цэвэр нөөц, байгалийн баялаг байна. Үүнийгээ аль болох мэдлэг, оюун шингээж, илүү үнэ цэнтэй болгож, дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна, дэлхийн зах зээлийн сиймхийн хангахад чиглүүлэн, цөөн тоотой боломж, маш чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өндөр үнээр борлуулахыг эрмэлзэх нь чухал санагддаг. Үүнд инновацийг чиглүүлэх хэрэгтэй. Үндэсний хөгжлийн парадигмаа энэ чиглэлд өөрчлөх шаардлагатай байгаа юм. Судалгаа ажилдаа үүнийг томьёолсон.
Гэтэл жижиг эдийн засгийн давуу тал гэж бий. Үүнийг харгалзахгүй явж ирсэн. Жижиг эдийн засаг бол динамик шинжтэй, хөрвөх чадвар сайтай, хэрэглээ багатай, богино хугацаанд хөгжлийн эрчээ авах боломжтой. Өөрөөр хэлбэл, Жижиг бизнес, ЖДҮ-ийн давуу талуудтай ижил төстэй гэсэн үг. Иймд манай улс дэлхийн эдийн засагт жижиг бизнесийн үүрэг гүйцэтгэж болохгүй гэж үү гэсэн санаа төрсөн. Манайд экологийн цэвэр нөөц, байгалийн баялаг байна. Үүнийгээ аль болох мэдлэг, оюун шингээж, илүү үнэ цэнтэй болгож, дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна, дэлхийн зах зээлийн сиймхийн хангахад чиглүүлэн, цөөн тоотой боломж, маш чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өндөр үнээр борлуулахыг эрмэлзэх нь чухал санагддаг. Үүнд инновацийг чиглүүлэх хэрэгтэй. Үндэсний хөгжлийн парадигмаа энэ чиглэлд өөрчлөх шаардлагатай байгаа юм. Судалгаа ажилдаа үүнийг томьёолсон. Өөрөөр хэлбэл, жижиг эдийн засгийнхаа сул талыг давуу тал болгоё гэсэн үг. Бид ОХУ, АНУ, Хятадтай өрсөлдөж, apple-ийн дайны бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй. Гэхдээ бидний чадавхт таарсан жижиг зах зээл байгаа. Үүнийг “зах зээлийн сиймхий” гэдэг л дээ. Энэ орон зайг ашиглаж чадсанаар бид өөрийн хэмжээндээ дэлхийн зах зээл дээр байр суурь эзэлж чадна. Бид байгалийн баялагтай л гэдэг. Гэхдээ манай баялгийн нөөцийн хэмжээ аж үйлдвэржсэн том том орны хэрэгцээтэй харьцуулбал хэдхэн хувьтай нь тэнцэнэ. Хэрэв баялгаа бүгдийг нь олборлож аваад, түүхийгээр нь дэлхийн тэр том зах зээл рүү гаргавал дорхноо шавхагдана. Нэг хэсэг мах экспортолно, урд хөрш рүү гаргана гээд л шуурсан. Энэ буруу биш л дээ. 2016 оны тооллогоор манай улс 60 гаруй сая малтай болсон ба хүн амынхаа тоонд харьцуулбал бид баян улс. Гэхдээ бүх малаа нядлаад, урд хөршийн зах зээл рүү экспортоллоо гэхэд тэдний 21 хоногийн хүнсний хэрэгцээг л хангана гэсэн тооцоо гаргасан талаар сонсож байсан. Тэгэхээр “яндаж болшгүй далай” биш байгаа биз? Ноос ноолуур, зэсийн нөөцийн хувьд ч бас адилхан. Гэхдээ манай нөөц үнэ цэнэтэй, экологийн цэвэр нөөц. Үүн дээрээ л “тоглож” бид байгаа жаахан баялагтаа инновацийг ашиглан үнэ цэнэ шингээх ёстой. Чухамдаа баячууд руу нь хандсан цөөн тооны чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж үнэтэй борлуулах боломжийг эрх хайна гэсэн үг. Хамгийн гол нь үнэ цэнээ ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх нь чухал. Үүн дээр л толгойгоо ажиллуулах ёстой.
-Монголд инновацийг хөгжүүлэх нь мөрөөдөл. Тийм боломж, бааз суурь байхгүй гэсэн хандлага байдаг. Та санал нийлэх үү?
-Тийм хандлага бий. Гэхдээ миний хувьд эсрэг байр суурьтай байдаг. Дээр хэлсэнчлэн, ХАА-н, байгалийн арвин баялагтаа илүү оюун ухаан шингээх, өндөр технологийг нэвтрүүлэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай байна. Хоцронгуй хөгжиж байгаа орны хувьд Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх нь хоцрогдлоо даван туулах том арга зам юм. Аж үйлдвэрийн салбараа сайжирч, технологи хөгжихөө хүлээнэ гэвэл мөдгүй. Манай ХАА-н салбар, шинжлэх ухаан, анагаахын салбаруудад инноваци амжилттай хэрэгжээд явж байгаа жишээ цөөнгүй. Манай ШУТИС-иас санаачлан анх 2015 онд зохион байгуулсан “Монголын Инновацийн 7 хоног-2015” арга хэмжээний үеэр явагдсан Инновацийн түншлэлийн семинар дээр “Монос”, “Газар шим” компаниуд инновацийн туршлагаасаа ярьсан. “Газар шим”-ийн “Артишок” бүтээгдэхүүн бол яах аргагүй цоо шинэ монгол инноваци. Явуулж байгаа үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүнгээр нь харах юм бол “Монос” бол “шинжлэх ухаан-боловсрол-бизнесийн цогцолбор” хэлбэрээр хөгжиж байгаа инновацийн компани. Инновацийн жишээг алсаас хайх хэрэггүй. Хэдийн нэвтрээд хэрэгжээд явж байгаа олон жишээ байна. Сүүлийн үед мэдээллийн технологийн маш олон инноваци нэвтэрч, бизнес болон амжилттай хөгжиж байна. Бид гол нь хүлээж авах, ойлгох, хэрэгжүүлэх мэдлэг, мэдээллээ хуваалцах, үр өгөөжтэй түншлэх хэрэгтэй.
-Инновацийг дэмжих хууль эрхзүйн орчин манайд хэр хангагдсан бэ?
-2007 онд Үндэсний инновацийн тогтолцоо хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлагдсан. 2015 он хүртэл хэрэгжих үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байсан ба зорилт амжилттай хэрэгжсэн зүйл цөөнгүй бий. Гэвч засаг төр солигдох болгонд бүдгэрсээр цогц ажил хэрэг болж чадаагүй зорилтууд ч цөөнгүй. Дараа нь 2012 онд Инновацийн тухай хууль батлагдсан. Энэ эрхзүйн баримт бичигт инновацийг мэдлэгийг баялаг болгож хувиргах цогц үйл ажиллагаа, түүний үр дүн гэсэн агуулгаар тусгасан байгаа. Гэхдээ ШУТ, инновацийн салбар нэг онцлогтой. Урт хугацааны тогтвортой бодлого, үйл ажиллагаа чухал. Өнөө маргаашаа харсан, хурдан үр дүн хүлээсэн, 4 жилээр баримжаалсан бодлого гаргаад явбал үр дүн муутай. Дор хаяж 20-30 жилээр баримжаалсан бодлого хэрэгжүүлэх нь чухал байна. Инновацийг хөгжүүлэх нь дан ганц шинжлэх ухаан, боловсролын салбарын ажил биш бизнесийн байгууллагууд, аж үйлдвэрлэлийн салбар, төр засаг нийлж байж хэрэгжүүлдэг зүйл. Улстөрийн тогтворгүй байдлаас болж бодлого тогтворгүй байвал тэр хэрээр инновацийн хөгжил удааширна, үүнээс улбаалаад улс орны хөгжил ч урагшлахгүй.
Сүүлийн үед “social innovation” буюу нийгмийн инновацийн талаар их ярих болсон. Төрийн бодлогын инноваци ч гэсэн ойлголт бий боллоо. Тэгэхээр инноваци гэдэгт гарт баригдах бодит бүтээгдэхүүнээс гадна аливаа асуудлыг илүү үр ашигтай шийдвэрлэх дэвшилтэт, шинэлэг шийдлүүдийг хамруулж байна. Манай орны хувьд хүн ам цөөн ч мэдээллийн технологийн салбарт инноваци бий болгох боломж байна. Одоогоор аж үйлдвэр, уул уурхайн салбарт “low tech” буюу дэлхийд өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад нэлээд хоцрогдсон “нам технологи”-ийг ашиглаж байгаа ч олборлож буй бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээхийг зорьж байна.
-Манай оронд цаашид инновацийг хөгжүүлж болох хамгийн ирээдүйтэй салбар юу вэ?
-Инновацийг голдуу шинэ техник технологи, бүтээгдэхүүн гэдэг талаас нь ойлгодог. Энэ бол нэг хэлбэр нь. Гэтэл өнөөдөр инноваци их өргөн хүрээтэй зүйл болсон байна. Инновацийн судалгаа явуулах, мэдээлэл цуглуулах, боловсруулахад баримтлах Осло-гийн удирдамж гэж бий. Түүнд 4 төрлийн инновацийг тодорхойлсон байдаг. Үүнд, бүтээгдэхүүний, технологийн, зохион байгуулалтын болон маркетингийн шинэ шийдлүүд инновацид тооцогдож байгаа. Сүүлийн үед “social innovation” буюу нийгмийн инновацийн талаар их ярих болсон. Төрийн бодлогын инноваци ч гэсэн ойлголт бий боллоо. Тэгэхээр инноваци гэдэгт гарт баригдах бодит бүтээгдэхүүнээс гадна аливаа асуудлыг илүү үр ашигтай шийдвэрлэх дэвшилтэт, шинэлэг шийдлүүдийг хамруулж байна. Манай орны хувьд хүн ам цөөн ч мэдээллийн технологийн салбарт инноваци бий болгох боломж байна. Одоогоор аж үйлдвэр, уул уурхайн салбарт “low tech” буюу дэлхийд өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад нэлээд хоцрогдсон “нам технологи”-ийг ашиглаж байгаа ч олборлож буй бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээхийг зорьж байна. Зэсийг баяжмалаар нь гаргах биш харин дамжуулагч ч юм уу ямар нэг бүтээгдэхүүн болгож чадвал тэр нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүний инноваци болно.
-Монголын инновацийн 7 хоног арга хэмжээний талаар ярина уу? Хүмүүст мэдлэг хүргэх, иргэдийн ухамсрыг инновацид бэлдэх зорилготой хэрхэн уялдаж байна вэ?
-Анх 2015 онд “Инновацийн долоо хоног” арга хэмжээг ШУТИС-иас санаачлан БСШУЯ зэрэг төр засгийн байгууллага болон бусад газруудтай хамтран зохион байгуулсан. Өнгөрсөн жилээс үйл ажиллагаа нь нэлээд өргөжиж, БОАЖЯ зэрэг төр захиргааны байгууллагуудтай хамтран ногоон технологи-ногоон инновацийн чиглэлээр зохиогдсон. Ер нь инновацийн талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Инноваци амжилттай хөгжсөн орнуудын туршлагаас харахад эхлээд хүн ам, нийгэмд ШУТ, инновацийн ач холбогдлын талаар ойлголт, мэдлэг олгох чиглэлээр ажилласан байдаг. Нийгэмдээ инновацийн соёл бүрдүүлэх талаар олон арга хэмжээ зохион байгуулж ирсэн байна. Инновацийн соёлыг төлөвшүүлэх нь маш чухал. Үүний цаана судалгаа шинжилгээ, ШУ-ны мэдлэгийг чухалчлах хандлага төлөвшиж байдаг. Бизнесийн орчинд ч мөн адил. Бизнес сэтгэлгээг төлөвшүүлэх, энпренершип буюу бизнес эрхлэх чадварыг хөгжүүлэх явдал чухал байна. Залуучуудын дунд гарааны бизнес буюу старт- апийг хөгжүүлэх чиглэлээр дэлхийн улс орнууд ихээхэн анхаарч, маш олог зүйл хийж, дэмжлэг үзүүлж байна. Старт ап буюу гарааны бизнес гэдэг нь цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи санал болгож буй инновацийн бизнес юм. Зүгээр нэг ТҮЦ нээх ч юм уу, нэгээс аваас нөгөөд зардаг бизнес бол старт ап биш. Бизнес эхэлж байгаа хүн алдаж болно, “шатаж” болно. Үүнийг нийтээр хүлээн зөвшөөрөх, ойлгохоос эхлээд инновацийн соёл төлөвшдөг. Нийгмийн бүхий л хүрээнд инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэхэд энэхүү 7 хоногийн арга хэмжээ чухал үүрэгтэй.
-Энэ жилийн “Инновацийн 7 хоног” өмнөх жилүүдийнхээс юугаараа ялгаатай вэ?
-Энэ жилийн хувьд “Монголын инновацийн 7 хоног-2017” арга хэмжээ 5 сарын 8-14-нд болно. Төрийн ордонд 5 сарын 10-нд Инновацийн үндэсний форум болно. Мөн тэр өдөр Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газартай хамтран “Инновацийн нээлттэй үзэсгэлэн” Сүхбаатарын талбайд явагдана. 5 сарын 9-нд “Шинжлэх ухаан- боловсрол-төр- хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт семинарыг Нийслэлийн иргэний танхимд холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. ШУТИС дээр 5 сарын 11-12- нд ICIED-2017 “International Conference on Innovation & Entrepreneurship Development” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал явагдана. Хуралд ЮНЕСКО-ийн Азийн номхон далайн Шинжлэх ухааны газрын захирал, доктор Шахбаз Хан, Японы Нагояагийн их сургуулийн дэд ерөнхийлөгч проф. Хидео Куниеда, Италийн Баригийн политехникийн их сургуулийн профессор Пиегпаоло Понтрандолф, Өмнөд Солонгосын Залуучуудын бодлогын судалгааны үндэсний хүрээлэнгийн профессор К. Канг нар оролцож урилгын илтгэл тавих ба ОХУ-аас Москвагийн Г. В. Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн профессор И.Потравный, Кубаны их сургуулийн профессор В. Гассий, Технопаркийн захирал М. Битарова нарын зэрэг 5 эрдэмтэн оролцоно. Хурлын 2 дахь өдөр Монголын Залуу Эрдэмтдийн холбоотой хамтран Залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах BPA-2017 эрдэм шинжилгээний бага хурал болно.
7 хоногийн төгсгөлийн амралтын өдрүүдээр буюу 5 сарын 12-14 –нд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль (хуучнаар КтМС) дээр Залуучуудын гарааны бизнесийн шилдэг төсөл шалгаруулах “START-UP WEEKEND” арга хэмжээ зохиогдох юм. Сонирхсон хүмүүст нээлттэй.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Э.Адъяасүрэн
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30046
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.