А.Ариунзаяа сайдын салбартаа хийсэн эхний ажил нь халаа сэлгээ байлаа

2020-11-10 Нийгэм
 

Тун удахгүй Засгийн газрын 100 хоног болно. Тэгвэл өөрөө өөрөөсөө ажил хүлээн авсан У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын хэн нь хэн бэ гэдэг нь эхнээсээ ил болсоор байна.  Тэгэхээр энэ засгийн үед ч бус зөөлөн суудалд тухалж, өөрийн хүнээр төрийн албыг сэлбэдэг дүр зураг аль ч Засгийн газрын үед уламжлал мэт тогтсоор удлаа. Шинэ сайд томилогдож ирэнгүүтээ тухайн газрынхаа даргаас авахуулаад, үүдний манаачийн хувь заяаг хүртэл хөнддөг жишиг хэвийн үзэгдэл болсон гэлтэй. Яг л эл жишгээр үү, ямартай ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа салбартаа нэлээд халаа сэлгээ хийлээ. Тэрбээр төрийн тамга атгаж, зөөлөн сэнтийд суусан даруйдаа яамныхаа Дотоод хяналтын газарт шалгалт оруулжээ. Тухайн үед салбарынхан нь “Яггүй, ажилтай сайдтай боллоо” гээд л ам уралдуулж байв. Гэвч нөгөөх шалгалт нь халаа сэлгээ хийх их хөдөлгөөний оршил байж. Түүний эхний томилгоо Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар Дашдэмбэрэл гэх залууг авав. Тэр нь намд ажиллаж байсан гэх тодотголоос өөр намтаргүй шахуу. Төрд ажилласан жил, хашсан алба энэ тэр нь Төрийн албаны хуульд заасан шалгуурын хаа ч хүрэхгүй нэгэн гэх ч тус газрын дэд даргаар эхэлж томилуулаад, хагас сар ч бололгүй жинхэнэ даргын суудалд дэвшүүлэв ээ. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний, хөгжлийн ерөнхий газар гэж байгуулан даргаар нь Ц.Ганчимэгийг томилсон. Шинэ газар хөлөө олж төвхнөж, ажил үүрэг нь гарт орж хамт олон нь хаа хүрэхээ ойлгодог болсон үед даргыг нь сольж МАН-ын залуучуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Тамирыг томилжээ. Э.Тамир нь эрхэм гишүүн Ж.Мөнхбатын туслах байсан нэгэн гэнэ. Энэ мэтчилэн А.Ариунзаяа сайдын халаа сэлгээ үүгээр зогсохгүй. Яамныхаа хэдийг ч нааш цааш хөдөлгөөд амжиж. Хамгийн эхлээд ҮСХ-ноос туслахаар авчирсан бүсгүйгээ яамны Бодлого төлөвлөлтийн газарт хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн болгов. Мөн экс туслах Нямхүү нь ч яамны экпажид багтжээ. ҮСХ-д авчраад удаагүй байсан Алтанцацрал гэж эмэгтэйг мөн л яаманд мэргэжилтнээр томилуулсан нь удахгүй Хөдөлмөр эрхлэлтийн газрын даргын суудалд суулгах гэж байгаа байх гэсэн хардлага яамныхны дунд хэдийнэ таржээ. Мөн яамны Төрийн захиргааны газрын даргын оронд Статистикийн хорооны тамгын даргаар ажиллаж байсан Цэдэвсүрэнг, Гадаад харилцааны хэлтсийн даргын оронд Статистикийнхээ гадаад харилцаа хариуцаж байсан даргыг авчрахаар АТГ-аас зөвшөөрөл хүсч албан бичиг илгээснийх нь хариу ирсэн сураг байна. Ийнхүү Төрийн албаны тухай хуулийг уландаа гишгэсэн сайдтан хуульд харшилсан томилгоо хийж, төрийн албыг бужигнуулж суугааг жишиг гэх үү юу гэж ойлгох вэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.