Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо 2020-2021 онд ард иргэдтэй илүү ойр хамтран ажиллах зарчим баримтлах талаар хорооны ээлжит хурлын үеэр нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган илэрхийлэв.
Тус хорооны энэ жилийн хамгийн эхний ажил нь “Яндангаа хөөлье” аян болж байна. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан ард иргэдийг угаарын хийд өртөж эрүүл мэнд цаашлаад амь насаа алдах эрсдэлээс хамгаалах, бусад болзошгүй аюул ослоос сэргийлэх зорилгоор тус аяныг улс орон даяар зохион байгуулж байгааг хорооны дарга, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл мэдэгдсэн.
Хорооны 2020 оны хоёрдугаар ээлжилт хурлаар “Үндэсний хорооны бүрэлдэхүүн шинэчлэх тухай” хэлэлцсэн юм. Бүрэлдэхүүн хэсгийг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл даргалж, бүрэлдэхүүнд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх, Ерөнхиийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайдын зөвлөхүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч, яамдын дэд сайдууд, МХЕГ, ЦЕГ, ОБЕГ-ын дарга нар болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагууд багтаж байгаа юм.
Мөн бүрэлдэхүүн хэсэгт шинээр байгуулсан Соёлын яамны дэд сайд, Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх нар нэмэгдэн орж байна. Бүрэлдэхүүн хэсгийн шинэчлэлтийг гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.
Энэ жил агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын төлөвлөгөөнд бодит ажлуудыг хийхээс гадна иргэдийг мэдлэгжүүлэх, нөлөөллийн ажлууд түлхүү хийх нь чухал байгааг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган онцлов.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.