1,072 хувьцааны ногдол ашгийн мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ

2020-09-3 Засгийн газар


“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 2019 оны ногдол ашгийн мөнгийг иргэдийн арилжааны банкны данс руу өнөөдрөөс шилжүүлж эхлэхээр болсон тухай “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” компаниас мэдээллээ.

Тодруулбал, эхний ээлжид үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулсан 857,491 мянган иргэний 1,072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл 839,000 иргэний арилжааны банкны данс руу ногдол ашгийн мөнгө орж эхлэх нь.

Өмнө нь зөвхөн үнэт цаасны дансанд нь ногдол ашгийн мөнгийг байршуулсан тухай тус төвөөс мэдээлж байсан юм.

1,072 хувьцааны нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцсон. Үүнээс татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм. Жишээ нь та 1,072 хувьцаагаа ашиглаагүй бүгд байгаа бол 1,072*81=86,832 төгрөг таны дансанд орно.

Хэрвээ та www.mcsd.mn сайт болон 158989 дугаар руу мессеж илгээн 1,072 хувьцаагаа шалгахад хувьцааны тоо дутуу байвал дараах байдлаар хишиг хувь хүртсэн байх нь.

 

Хувьцааны тоо ширхэг зөрүүтэй болон эргэлзээтэй зүйл байвал Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 1800-1220 утсаар лавлана уу.

“Эрдэнэс Таван Толгой” ХК-аас иргэдийн ногдол ашгийн төлбөр болох 179 тэрбум 830 сая төгрөгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК руу шилжүүлээд байгаа билээ.

Дашрамд дуулгахад, 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа олгогдохгүй юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.