Н.Уртнасан: Нийт нутаг дэвсгэрийн 25 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт дэвшүүлсэн

2021-10-14 Байгаль орчин

НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцын талуудын 15 дугаар бага хурлын дээд хэмжээний цахим чуулганд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан оролцохдоо хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАН:

НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцын Талуудын 15 дугаар бага хурлын хүрээнд дээд хэмжээний цахим чуулган зохион байгуулж буй БНХАУ-ын Засгийн газар, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт гүн талархал илэрхийлье. Цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Талуудын 15 дугаар бага хурлыг энэ удаа цахимаар  2022 оны 4 дүгээр сард биечлэн хуралдуулах,  шийдвэрээ нэгтгэн гаргах хосолмол байдлаар зохион байгуулж буйг Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгааг уламжилъя.

БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны сайд, Эрхэмсэг ноён Хуан Руньцю, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал, Эрхэмсэг хатагтай Ингэр Андерсен, НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрхэмсэг хатагтай Элизабет Мрэма

Хүндэт төлөөлөгчид, Хатагтай, ноёд оо,

Юуны өмнө энэхүү цахим чуулган нь “2020 оноос хойших Даян дэлхийн биологийн олон янз байдлын үндсэн чиглэл”-ийг хэлэлцэн батлахад  чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахал нь ард иргэдийн эрүүл мэнд болон эдийн засагт ихээхэн хохирол учруулж байгаа ч  эдийн засгийнхаа голлох салбаруудыг сэргээх чиглэлд улс орнууд илүүтэй анхаарч байгаа юм. Цаг үеийн ийм онцгой нөхцөлийн үед даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ч анхаарлаа сулруулахгүй байх шаардлага улс орнуудын хувьд зүй ёсоор тавигдаж байгаа.

Монгол Улс “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг 2020 онд баталсан бөгөөд энэхүү бодлогод ногоон хөгжил болон тогтвортой хөгжлийн үндэсний зорилтууд бүрэн тусаж, хэрэгжиж эхлээд байна.

Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах үндэсний зорилтод хувь нэмрээ тодорхойлж, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22,7 хувиар бууруулах, газар нутгийнхаа 30-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авах замаар биологийн олон янз байдлыг хамгаалах, өсгөн үржүүлэх, тогтвортой менежментийг бүрдүүлж үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт цэнгэг усны нөөц, урсац бүрэлдэх эхийн 55 хувь, нийт нутаг дэвсгэрийн 25 хувийг улсын тусгай хамгаалалтад авах, ойгоор бүрхсэн талбайн хэмжээг 8,6 хувьд хүргэх дунд хугацааны зорилтуудыг дэвшүүлсэн.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн 50-60 жилийн хугацаанд жилийн хур тунадасны хэмжээ 8 орчим хувиар буурч хуурайших, гандуу болох, цөлжих явц нэмэгдэх болсон. Энэ нь амьтан, ургамлын төрөл зүйлийн амьдрах орчны доройтолд хүргэх үндсэн шалтгааны нэг боллоо. Биологийн олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах,  цөлжилтийг сааруулах, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, ойн сан, ургамал нөмрөгийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2030 он хүртэлх хугацаанд “Нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн”-ийг санаачлан эхлүүлээд байгаа нь  иргэд олон нийтийн дэмжлэгийг авсан үйл хэрэг боллоо.

Төгсгөлд нь энэхүү чуулганаас батлан гаргах эх дэлхийн бүхий л амьдралыг хамгаалсан ирээдүйг бүтээх зорилго бүхий “Экологийн соёл иргэншил” Күнминий тунхаглалын төслийг дэмжин, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлж байна.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.