“1000+ сэргэн хөгжих голууд” ОУ-ын санаачилгад Ази тивээс “Туул гол” анхлан нэгдлээ

2021-11-25 Байгаль орчин

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Олон Улсын голуудын сан байгууллага хамтран ‘’ТУУЛ ГОЛ ФОРУМ’’-ыг цахимаар зохион байгуулж байна.

Форумын хүрээнд ‘’1000+ Сэргэн хөгжих голууд’’ олон улсын санаачилгад Ази тивээс анхлан Туул гол нэгдэх арга хэмжээ боллоо. Энэхүү санаачилгад нэгдсэнээр Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах шинэлэг арга барил бүхий загвар төслийг хэрэгжүүлж, Монгол орны бусад сав газруудын экосистемийг сэргэн хөгжихөд чиглэсэн өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг эхлүүлж байна.

“Сэргэн хөгжих 1000 гол санаачилгад Туул гол нь Ази тивийн голуудаасаа анхных болж нэгдэн орж байгаа нь бидний хувьд сав газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх тэргүүний туршлагыг нэвтрүүлэх томоохон боломжийг нээж өгч байгаа” гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр хэлсэн үгэндээ онцоллоо.

 

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөгөөр дэлхийн нийт гол мөрөн, усны сан бүхий газрууд асар их ачаалалд өртөж, хэт ашиглалт, бохирдол болон уламжлалт түүх соёл хоорондын холбоо алдагдсан. Энэ нь сав газрын доройтол, усны бохирдол, тогтворгүй хэрэглээнд хүргэж, цаашилбал бүхэл бүтэн хот, бүс нутагт нөлөөлж байна. Гол мөрөн, усны сан бүхий газруудыг хамгаалах, зохистой ашиглахаас гадна ирээдүйд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сэргэн хөгжих нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал. Тиймээс Олон улсын голуудын сан байгууллагаас санаачлан “1000+ Сэргэн хөгжих голууд” олон улсын санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын хувьд Усны тухай хуулийг 2012 онд шинэчлэн баталснаар сав газраар нь усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн.

БОАЖЯ-ны зүгээс Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө болон 29 сав газрын менежментийн төлөвлөгөөг тус тус баталж, хэрэгжилтийг 21 сав газрын захиргаад хариуцан ажилладаг.

Форумд БОАЖЯ, Сав газрын захиргаад, Олон Улсын голуудын сан байгууллага, Туул голын сав газрын оролцогч талууд, усны салбарын мэргэжилтэн, судлаачид оролцож байна.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.