Мүн Жэ Ин хамгийн их санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой боллоо
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд либерал үзэл баримтлалт Ардчилсан намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин яллаа. Нийт саналын хуудасны 80 хувийг тоолсны дараах байдлаар, өдгөө 64 настай Мүн Жэ Ин сонгогчдын 41.1 хувийн буюу 13.4 сая сонгогчийн санал авсан байна. Тус улсын СЕХ өнөөдөр хуралдан сонгуулийн дүнг албан ёсоор зарласны дараа тэрбээр шууд ажилдаа орно.
Харин консерватив үзэл баримтлалтай Солонгосын Эрх чөлөөний намаас нэр дэвшсэн Хон Жүн Пё 25.5 хувийн санал авсан бол төвч үзэл баримтлалтай Ардын намаас нэр дэвшигч Ан Чол Су 21.4 хувийн санал авсан байна.
Сонгуульд оролцох эрхтэй 42.4 сая хүнээс 32.8 сая нь энэ удаагийн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд оролцжээ. Энэ нь сүүлийн 20 жилийн хугацаанд сонгогчдын ирц хамгийн өндөр байсан үзүүлэлт юм.
Өмнөх ерөнхийлөгч нараас ялгаатай нь Мүнд төрийн эрхийг шилжүүлэн авах шилжилтийн баг гэж байхгүйгээс гадна тангараг өргөх ёслолд бэлтгэх хангалттай хугацаа байхгүй юм.
Тангараг өргөх багахан хэмжээний ёслолыг Үндэсний Ассамблей буюу парламентын ордонд зохион байгуулна.
Г.Пүрэвсүрэн