Иргэдээ ухамсартай байцгаа

2020-03-5 Нийтлэл

Илүү сайхан ирээдүйн төлөө иргэн бүрийн оролцоо чухал

Хариуцлагатай иргэн байж, аюулт тахлын эсрэг хүчээ нэгтгэцгээе.

COVID-19 халдвар нийтийг айдаст автуулж, дэлхийн өнцөг булан бүрт эрвийх дэрвийхээрээ аюулт вирустай амьсгаа даран тэмцэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсыг аль хэдийнэ тус вирусээр халдварлагдах хамгийн өндөр эрсдэлтэй “ОРНООР” зарлаад өдгөө хоёр гаруй сарын нүүр үзжээ. Гэвч монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж. Жирийн малчнаасаа өндөр дээд албан тушаалтан нь хүртэл эгэл түмнийхээ төлөө сэтгэлийн дэм өргөж, бүгд л чармайж байна. Тэр дундаа Монгол Улсын хамгийн их хүн ам төвлөрдөг, хөлийн газарт агаар дуслаар халдварладаг олон өвчнийг хязгаарлаж чадаж буй нь эрүүл мэнд болон холбогдох бусад салбарын ажилтнуудын гавъяа билээ. Тэдэнд баярлахгүй байхын аргагүй.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр иргэд үүргээ биелүүлэхгүй, тусгаарлагдсан үедээ зөрчил гаргах болсон талаар холбогдох албаныхан тодруулсаар байна. Тухайлбал, Багабаян сувилалд тусгаарлагдсан Хөвсгөл аймгийн харьяат сувилагч мэргэжилтэй Б гэгч иргэн тусгаарлалтаас гаръя гэж бусдыгаа уриалан бослого гаргах гэж оролдсон. Мөн тусгаарлагдах үедээ ачаа тээшиндээ нууж авч орсон архиа өөрөө уусан, бусдад уулгасан зөрчил гарчээ.

Түүнчлэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэд гарах шаардлага тавьсан бол онгоцноос буусан иргэн Налайх руу зугтсан байна. Тиймээс үүргээ биелүүлээгүй хэнтэй ч байсан Эрүүл мэндийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно гэдгийг албаныхан хэлж буй юм. Зөрчил гаргасан иргэдэд дэглэмийн хугацаа дуусаж, хариу нь сөрөг гарсны дараа хатуу хариуцлага тооцох юм байна. Үнэхээр төр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед түмэн зүйлийн ааш аягтай эл олон хүнийг “төмөр нүүр”-ээ гаргаж, цэгцэнд оруулахгүй гээд яах билээ.  Мөн тус вирус дэгдээд байгаа газар буюу Италиар дамжсан гэр бүлийн гурван хүн өгүүлэмжээ нуун дарагдуулсан гээд байж боломгүй зөрчлүүд сүүлийн өдрүүдэд гарах боллоо. Энэ мэтчилэн хувиа бодсон зөрчил гаргаж байгаа эдгээр хувь хүн бүхэл бүтэн тусгаар үндэстэний эрх ашгийг зөрчиж байна гэдгээ ухамсарлахгүй байна. Амны хаалтнаас өөр олигтой зэвсэггүй албан хаагчид эгэл түмнийхээ төлөө өдөр, шөнийг үл ялган зүтгэж байгаа итгэл сэтгэлийг яагаад хүндлэхгүй байна вэ. Ингэж амь нас, амьдралаараа дэнчин тавин ажиллаж буй цагаан халаатнууд болон төрийн албадаа хүндлэх сэтгэлтэй баймаар юмсан, хорионоос зугтагсад аа…

Эцэст нь хэлэхэд, дэлхийд эдийн засаг, техник технологи, хүн амын тоогоороо дээгүүрт жагсдаг мөнхийн хөрш маань эл аюулын өмнө ийнхүү өвдөг сөхөрч хэдэн мянган хүнээ алдаад байхад манай “бяцхан” гүрэнт улс аюулыг хилээрээ оруулахгүй, тэсч байгаа нь төр менежерийн үүргээ сайн гүйцэтгэж, эрүүл мэндийн байгууллагынхан аюулыг сөрж чадаж буйн илрэл. Гэвч холбогдох албаныхан хэдий хичээсэн ч иргэд муйхарлавал аюулт өвчний өмнө нүд эрмэх зуурт өвдөг сөхрөх ойрхон байна. Тиймээс иргэд нийт салбар яамнаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг ягштал биелүүлж, иргэн бүхэн үүргээ гүйцэтгэн ухамсартай байцгаая.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.