Хууль бусаар хотон шувууны толгой борлуулахыг завдсан этгээдийг илрүүлжээ

2020-02-5 Амьтан


“Нэн ховор амьтан болох Хотон шувууны толгойг худалдах гэж байна” гэсэн иргэдийн мэдээллээр Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулан гэмт этгээдийг илрүүлжээ.

Шалгалтаар 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн “Б” нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэн ховор амьтны жагсаалтад орсон хоёр ширхэг Хотон шувууны толгойтой хошуу бусдад зарж борлуулах гэж байсныг таслан зогсоож эд мөрийн баримтыг хураан авчээ.

Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Дэлхийд 3,200-4,300 хотон бий. Хар ус нуурын “Шувуун цуглаа” хэмээх хошуунд 1956 оны зун 300 гаруй хотон, 1972 онд Хар ус нуурт 207‚ 1981 онд 13‚ 1976 онд Хяргас нуурт 10‚ Ойгон нуурт 13‚ Баянхонгор аймгийн Орог нуурт 1979 оны намар 50‚ 1985 онд Увс нуурт нэг хотон тохиолдож байжээ.

Хэрлэн голын хөвөөнд 2 бодгаль 2008 онд тохиолдож байсан. Cудалгааны материалаас үзэхэд, 90-ээд оны сүүлчээр Монголд 200 орчим борцгор хотон бий. Гэвч 2000 оноос хойш эрс ховордож байгаад, 2005 оноос үүрлэж, зусдаг нутагтаа цөөн тоогоор эргэн ирэх болсон. 2010 оны 6 сард Хар ус нуурын Цагаан голын арлууд дээр 120-150 хотон тохиолдож байсан. Усны түвшин буурах‚ хэт ихсэх‚ нуурын эрэг, арлын ургамал талхлагдах зэргээс үүр‚ өндөг устана. Хүн ойртоход үүрээ удаан хугацаагаар орхиж явснаас цахлай‚ үнэг зэрэг амьтад өндөг‚ ангаахайг сүйтгэнэ. Хотонгийн хошуугаар хурдан морины хусуур хийдэг нутгийнхны заншил хотонгийн нөөцийг хомсдуулж‚ улмаар устахад хүргэх хандлагатай байна.

Иймд иргэдийг эх дэлхийгээ хайрлан хамгаалж, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Экологийн цагдаагийн албанаас уриаллаа.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.