Б.ГАНХУЯГ: Тавантолгой-Гашүүнсухайтын төмөр зам тавигдсанаар одоогийн өртөг найман ам.доллар болж буурна

2019-08-25 Байгаль орчин
 
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэх чиглэлийг Засгийн газраас өгсөн билээ. Тус төмөр замын ажлын анхны хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Таван толгой” ХК-иас санхүүжүүлж байгаа юм. Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай цөөн хором хөөрөлдсөн юм.
-2018 онд УИХ-ын тогтоол гарч, олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө босгох, ингэхдээ компаниудын дотоод хүчин чадлаар төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлэх үүргийг “Эрдэнэс Таван толгой” ХК-д өгсөн. Та бүхэн даалгавараа хэр сайн биелүүлж байна вэ?
-Бид сайн биелүүлж байгаа гэж бодож байна. Энэ хүрээнд гурван ажил эхлүүлсэн. Үүнд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил юм. Энэ нөр их ажил маань цэрэг хүчний байгууллага болон хувийн хэвшл­ийн мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоо амжилттай явж байгаа. Ерөнхийлөгч саяхан ажлын явцтай нь танилцаж хуваарийн дагуу, цаг хугацаандаа явж байна гэж дүгнэсэн. Энэ замын анхны хөрөнгө оруулалт болох 156 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Таван толгой” ХК-иас санхүүжүүлсэн. Энэ зам тавигдсанаар мэдээж стратегийн хувьд олон гарцыг бий болгох юм.
-Тухайлбал?
-Энэхүү бүтээн байгуулалт улс эх оронд үнэхээр өгөөжтэй байх болно. Ганц жишээ дурьдахад л, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам тавигдсанаар одоогийн байгаа гарцыг гурваар нэмэгдүүлж, дөрвөн гарцтай болно. Мөн түүхий бүтээгдэхүүн биш эцсийн бүтээгдэхүүн гаргах боломж нээгдэнэ. Төмөр зам дагаад угаах үйлдвэр болон кокс химийн үйлдвэрүүд баригдана. Хамгийн чухал нь төмөр үйлдвэрлэх гангийн үйлдвэр баригдаж, Монголоос эцсийн бүтээгдэхүүн гурван гарцаар гарах боломжтой болно.
-Өнөөдрийн байдлаар манай нэг тонн нүүрсний тээврийн зардал хэд байгаа вэ. Энэхүү төмөр зам ашиглалтад орвол хэд болж буурах бол?
-Өнөөдөр авсан мэдээллээр нэг тонн нүүрсний тээврийн зардал 32 ам.доллар байна. Харин Тавантолгой-Гашүүнсухайтын төмөр зам тавигдсанаар энэ өртөг найман ам.доллар болж буурна. Тийм учраас энэ хэмжээгээрээ эдийн засгийн үр ашиг, улсдаа оруулах санхүүгийн тэлэлт, иргэдэд очих ашиг гээд маш олон зүйл нэмэгднэ. Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг 2019 оны наймдугаар сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгсөн. Үүний дагуу ажиллаж, өнөөдрөөс бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. 2020 он гэхэд 200 орчим км төмөр зам тавих боломж бүрдсэн гэж ойлгож болно. Мөн Зүүнбаянд байгуулах гангийн үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр лүү түүхий эдээ шуурхай хүргэн, эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх дэд бүтэцтэй болох юм.
-Яг өнөөдрийн байдлаар ажил ямар шатандаа явж байна вэ?
-Замын бэлтгэл буюу газар шорооны ажил дуусах шатандаа орсон. Энэхүү ажил нь Монголдоо хамгийн урт, хамгийн олон байгууламжийг нэгтгэсэн ажил боллоо. Одоо Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн параллел авто зам барих ажлыг эхлүүлээд байна. Энэ оны гуравдугаар улиралд багтаан нүүрс боловсруулах үйлдвэрийнхээ техник эдийн засгийн үндэслэлийг батлуулахаар ажиллаж байгаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.