Монгол Улсаа гадаадад сурталчлах асуудлаар элчин сайд нартай уулзлаа

2019-12-19 Гадаад харилцаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны удирдах ажилтнууд Монгол Улсаас 33 улсад эх орноо төлөөлөн суугаа элчин сайд, ерөнхий консулуудтай Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд уулзалт хийлээ.

Уулзалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр нээж үг хэлсний дараа хилийн чанадад суугаа монгол иргэд, хүүхэд, залуусын боловсрол, соёлын асуудал, улс хоорондын шинжлэх ухаан, технологи, спортын салбарын харилцаа, хамтын ажиллагааны сэдвээр БСШУСЯ-ны бодлогын газрын дарга нар мэдээлэл хийж, элчин сайд, дипломат төлөөлөгчдийн асуултад хариулав.

Гадаадад буй эх хэл, соёлын сургалтын төвүүдэд дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин дутагдалтай байгааг салбарын яам онцолж, өнөөдрийн байдлаар 57 сургалтын төвд 190 орчим багш 1630 гаруй хүүхдэд сургалт явуулж байна гэлээ. Эдгээрээс гадна БНСУ-д Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зөвшөөрөлтэй нэг сургууль хичээллэдэг бөгөөд тус сургуульд 2019-2020 хичээлийн жилд 310 хүүхэд, 17 монгол багш ажиллаж байгааг, Энэтхэг улсад 1000 орчим хүүхэд сүм хийдэд шавилан сурч байгааг холбогдох орны элчин сайдууд анхаарч ажиллахыг хүслээ.

Монголчууд олноор оршин сууж буй зарим орны Элчин сайдын яамдад боловсрол, соёл хариуцсан ажилтнуудын орон тоо нэмэгдүүлэх, чадавхжуулах; гадаадад суралцаж буй элсэгч, суралцагч, төгсөгчдийг бүртгэлжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх; мэдээллийг уялдуулах, нэг мөр болгох, эх хэл, соёлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарт дэмжлэг үзүүлэх, тэдний мэргэжил дээшлүүлэлт, багшлах эрхийн зөвшөөрлийн талаар судалж, шийдвэрлэх асуудлуудыг талууд хөндөв.

Дэлхийн 17 улсад монгол судлалын 24 төв үйл ажиллагаа явуулж байгааг цаашид өргөжүүлэх, монгол судлаач эрдэмтдийн тоог нэмэгдүүлэх, кино урлагийн салбарыг хөгжүүлэх хүрээнд улсын захиалга, бодлогоор түүхэн кино бүтээх, түүгээр дамжуулан эх орноо сурталчлах, циркийн жүжигчин, соёлын өвийг сэргээн засварлалт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх шаардлагатайг салбарын яам онцолж байна.

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр уулзалтыг хааж хэлсэн үгэндээ, Чингис хаан музейн сан хөмрөгийг баяжуулах, дэлхий дахинд монгол дархлааг бий болгох Монгол судлалын төвүүдийг хөгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2020 онд зохион байгуулах “Ногоон наадам”, Хархорин хотын 800 жилийн ойг тэмдэглэх, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй тэмцэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулж, хамтран ажиллахыг элчин сайд нараас хүслээ.

Эх сурвалж: БСШУСЯ

<

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.