Нүүрс тээврийн “С” зөвшөөрөл авлигын уурхай болж байна гэв

2019-10-23 Байгаль орчин
Нүүрс тээврийн "С" зөвшөөрөл авлигын уурхай болж байна гэв

“Тээвэрчдийн гэргий нарын холбоо”, “Баян зам” тээвэрчдийн холбоо болон бусад ТББ-ын төлөөллүүд өнөөдөр (2019.10.23) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


ЦАГААН ХАД СУУРИНД МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХИЙГ 350 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРЖ БАЙНА 

“Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга Ж.Туул “Тавантолгой-Гашуун сухайт боомт чиглэлийн нүүрсний экспорт нь Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр  оруулж, улсын нийт төсвийн 40 орчим хувийг бие даан бүрдүүлж ирсэн. Энэхүү нүүрсний экспортын тээврийг 170 орчим аж ахуйн нэгж байгууллагад бүртгэлтэй 14 мянга орчим тээвэрчин жолооч гүйцэтгэж, маш хүнд нөхцөлд ажиллаж, 20 мянга орчим өрх гэрийн амьжиргааг давхар залгуулж байна.

Гэвч сүүлийн хэдэн саруудад Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс нүүрс тээврийн үйл ажиллагааны зохицуулалт үйл ажиллагаанд оролцохдоо хүнд суртал, авлига хээл хахууль, төрөл бүрийн шахаа зэргийг өөгшүүлсэн шийдвэрүүд гаргах болсон. Тухайлбал, ААНБ-ын жолооч нарыг хоморголон торгож, бичиг баримтыг нь хураан авч, олон хоногоор чирэгдүүлж ажиллахад нь саад болж байна.

Манай холбооноос Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт тээвэрчдийн төвлөрөл болсон Цагаан хад сууринд байх богинын тээвэр эрхэлдэг жолооч нарын дунд авлига хээл хахуулийн нөхцөл байдал ямар байгааг тогтоох тандалт судалгаа хийсэн. Судалгаагаар тээвэрчид нэг удаадаа 150-500 мянган төгрөгийн торгууль өгдөг ба ямар нэг торгуулийн хуудасгүйгээр торгуулах явдал нэмэгдсэн талаар хэлсэн. Дээд тал нь нэг удаадаа нэг сая хүртэлх төгрөгөөр торгуулсан тохиолдол дурдагдсан.

Мөн мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх шаардлагыг биелүүлэхэд ойлгомжгүй асуудал үүсч байна. Тодруулбал, мэргэшсэн жолооч бэлтгэх ямар нэг тусгай дром, сургалтын танхимгүй хүмүүс Цагаан хад сууринд олноор бий болж, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг 350 мянган төгрөгөөр зарж байгаа нь мэргэшсэн үнэмлэхэд тавигдах шаардлагыг унагаж байгааг хэлмээр байна” гэв.

“С” ЗӨВШӨӨРЛИЙГ 15 ДАХИН ИХ ҮНЭЭР ДАМЛАН ЗАРДАГ ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС БИЙ

“Баян зам тээвэрчдийн холбоо”-ны тэргүүн М.Нямжав “АТҮТ тэдгээрийн удирдлагууд олон төрлийн тусгай зөвшөөрөл олгодог. Онцлогоос нь хамаарч авлигад өртөх эрсдэл өндөр байгааг АТГ-аас сануулж зөвлөмж хүргүүлж байсан. Улс хоорондын ачаа тээвэр эрхэлдэг, компаниуд 100  хувь хасагдаж, “С” зөвшөөрлөө авч чадаагүй байхад тээврийн бүрдүүлэлтгүй компаниудад “С” зөвшөөрөл олгосон. Үүний цаана олон бүлэг хүн “С” зөвшөөрлийг дамлан борлуулж байгаа гэж хардаж байна. АТҮТ-ийн олгодог улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрөлийн бичиг нь дамлан худалдаалах тодорхой үнэ ханштай.

Энэ оны дөрөвдүгээр улиралд 99 мянган төгрөгийн хураамжтай олгодог зөвшөөрлийн бичгийг 1.5 сая төгрөг буюу 15 дахин их үнээр дамлан зарах саналыг компани, ААН-ийн захирлуудад тавьдаг бүлэг хүмүүс бий.

Нэг улиралд ийм байдлаар багадаа 500-600 орчим “С” зөвшөөрлийн бичиг далд сүлжээгээр зарагддаг гэж үзвэл улирал бүр тэрбум орчим төгрөгийн ашигтай наймаа явагдаж таарах нь. Ерөнхийдөө нүүрс тээврийн “С” зөвшөөрөл авлигын уурхай болж байна. Тиймээс бид АТҮТ-ийн удирдлагад дараах шаардлагыг хүргүүлж байна. Шаардлагын хариу арга хэмжээг авахгүй бол нэгдсэн жагсаал цуглаан хийж, тэмцлийн хэлбэрт шилжих болно” гэж мэдэгдлээ.

Тэд шаардлагадаа:

-Нүүрс тээврийн үйл ажиллагааны зохицуулалт үйл ажиллагаанд оролцохдоо хүнд суртал, авлига хээл хахууль, төрөл бүрийн шахаа зэргийг өөгшүүлсэн шийдвэр гарч байгааг анхаарч, хүнд сурталтай үйл ажиллагааг нэн даруй зогсоох,

-2019 оны дөрөвдүгээр улирлын улс хоорондын ачаа тээвэр эрхлэх “С” зөвшөөрөл олгосон жагсаалт болон түүнийг олгох талаар хэлэлцсэн хурлын протоколын хамт маргаашийн дотор ил болгон тээвэрлэгч, ААНБ, ТББ-ийн төлөөлөлд танилцуулах,

-“С” зөвшөөрлийг дамлан худалдах, их хэмжээний ашиг олох нөхцөлийг бүрдүүлж өгсөн АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон хариуцлага хүлээж хэрэг шалгагдаж дуустал захирлын албан тушаалаасаа сайн дураар татгалзах хүсэлтээ зохих шатны байгууллагад гаргах зэрэг болно” гэжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.