Монгол Улсын хэмжээнд 720 гаруй тахь нутагшиж байна

2019-10-2 Амьтан
Монгол Улсын хэмжээнд 720 гаруй тахь нутагшиж байна

Пржевальский адуу Прагийн амьтны хүрээлэнгийн захирлын дуранд фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Нээлтэд  Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон бусад албаны төлөөлөгчид оролцов.

Гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж буй Мирослав Бобек нь Праг хотын амьтны хүрээлэнгийн захирал бөгөөд БНЧУ-ын батлан хамгаалахын яамтай хамтран Монгол улс руу  тахь тээвэрлэх агаарын тээвэрлэлтийг зохион байгуулж ирсэн байдаг.

Прагийн амьтны хүрээлэн цэргийн Каса онгоцоор нийт 34 толгой тахийг Чех  болон Европын бусад улсуудаас амжилттай тээвэрлэж  Монгол орны өмнөд хэсэг Говийн Их Дархан Цаазат газрын  “Б” хэсэгт нутагшуулж энэхүү нэн ховордсон амьтныг хамгаалах үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа юм.

Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол оронд ирж, нисэх онгоцны буудалд буусан мөчөөс эхлэн анд нөхдийн элэгсэг дотно, найрсаг хандлагыг бид мэдэрч байна гээд, “Ирэхээсээ хэд хоногийн өмнө би Чехэд байгаа Азийн орнуудын Элчин сайд нартай уулзсан. Тэд манай улсыг БНХАУ-тай харилцах харилцаандаа түлхүү ач холбогдол өгч, бусад орнуудад анхаарал сул тавьж байна гэсэн. Энэ байдлыг засах шаардлагатай. Тиймээс Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал уламжлалт харилцаагаа илүү өндөр, шинэ түвшинд хүргэх зорилттой юм” гэлээ.Түүнчлэн  хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин болоод аялал жуулчлалын салбарт цаашид илүү хамтран ажиллах , нэн ховор амьтан тэр дундаа Монгол оронд  тахь нутагшуулах ажлыг илүү  өрнүүлэхээ дуулгасан юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ үеэр  Хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа байгаль орчин, ан амьтан, нэн ховордож буй тахь нутагшуулах, тээвэрлэх ажил амжилттай явдаж Тахийн төлөөх хүчин  чармайлтын үр дүнд Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт 280 гаруй, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 360 гаруй, Хомын талд 85 зэрэг нийтдээ 725 тоо толгой тахь манай оронд нутагшиж байгааг онцлон дуулгасан юм. Түүнчлэн энэ үеэр байгаль орчны төлөөх өсвөр үе залуучуудын оролцоог нэмэгдүүлж  өрх бүрт байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аяны талаар танилцуулан ноён Ярослав Куберагд Монгол сурагчдын хөтөлж буй “Ногоон паспорт”-ыг гардууллаа.

Прагийн амьтны хүрээлэн Монгол Улсад энэ жил ес дэх удаагаа хэрэгжүүлж буй “Зэрлэг адууг сэргээн нутагшуулах” төсөлтэй холбоотой гэрэл зургуудаас бүрдэх тус үзэсгэлэн олон нийтэд нээлттэй бөгөөд Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн үзэсгэлэнгийн танхимд болж буй юм.

  

Эх сурвалж: БОАЖЯ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.