“Эрдэнэс Тавантолгой” ХК “Ногоон говь” хөтөлбөр хэрэгжүүлж байна

2019-07-3 Байгаль орчин

 

 

 

 

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК говийн бүсийг ойжуулахаар ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран “Ногоон говь” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Тус компани уурхайн нөлөөллийн бүсийг ойжуулах, ногооруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, орон нутгийн иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулж, тоосжилтыг багасгах үүднээс дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ажилтнууд туршилтын талбай, уурхайн нөлөөллийн бүс, Цанхи хотхонд улиас, шар хуайс, бургас, хайлаас, буйлс, сухай, монос зэрэг 30 орчим төрлийн 38 мянган мод суулган, тарьж ургуулан арчлахын зэрэгцээ туршилтын талбайдаа хүлэмжийн аж ахуй эрхэлж байна.

Ирэх жилээс хүлэмждээ нарийн ногоо тариалж, уурхайчдынхаа хүнсний хэрэглээнд нийлүүлж, цаашид хүлэмжийн тоог нэмэгдүүлэх зорилготой байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайн ойролцоо “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас туслан гүйцэтгэгч компаниудын хамтаар 25 га газарт 60 мянган ширхэг мод тарьж ургуулах ажлаа эхлүүлж, одоогоор 20 мянга гаруй модоо суулгаад байна.

Компанийн байгаль орчин, усны бодлогын хэлтсийн мэргэжилтэн А.Аззаяа “ Говийг ойжуулахад цаг хугацаа, хөдөлмөр, шинжлэх ухааны үндэслэл хэрэгтэй. Иймээс бид ХААИС-ийн багш нартай хамтраж ажиллаж байна. Бид говьд тэсвэртэй, мод бутыг нутагшуулж, өсгөж үржүүлэхээс гадна хамгаалах, үрийн сан бүрдүүлэх зорилготой ажиллаж байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.