Биокомбинатын технологийг шинэчлэхэд Унгар улс 57 сая ам.долларын зээл олгоно

2019-06-20 Гадаад харилцаа

Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто Монгол Улсад өнөөдөр айлчилж байна.

Тэрбээр өнөөдөр ГХЯ-нд эхэлсэн “Терроризмд турхирч, хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлж тэмцэхэд (ТТХДЭРУСТ) бүх нийгмийг хандуулах сэдэвт бүс нутгийн бага хурал”-д оролцсон юм. Дараагаар нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай өргөтгөсөн уулзалт хийв. Уулзалтаар Биокомбинатыг шинэчлэх төсөл болон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан гэдгийг хоёр орны Гадаад харилцааны сайд нар мэдээлэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, “Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто Монгол Улсад дөрөв дэх удаагаа айлчилж байна. Энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажилладгийнх нь илрэл юм. Ирэх онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Өнгөрсөн хугацаанд хоёр орон олон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байсан. Тухайлбал, Биокомбинатын технологийг шинэчлэх, бүтээгдэхүүнийг сайжруулахад зориулж Унгар улс 57 сая ам.долларын зээл олгох асуудал яригдаж байгаа. Үүнийг Унгар улс дэмжсэн. Өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын экспортыг нэмэхийн тулд Унгар улстай хамтран ажиллах талаар ярилцлаа. Унгар улсад хүнс, хөдөө аж ахуйн технологи өндөр хөгжсөн. Тэгэхээр тус улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажилласнаар Монголд ажлын байр бий болгож, экспортыг төрөлжүүлж, уул уурхайгаас хэт хараат байдлаас салах боломж бүрдэх юм” гэлээ.

Түүнчлэн уулзалтаар боловсрол, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцсон байна. Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монголын 200 оюутан тус улсад суралцдаг. Энэхүү тэтгэлгээ цаашид тогтмол үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар илэрхийлэв. Тэрбээр, “Жижиг орнуудын иргэдийг хил дамнасан хууль бус наймаанд татан оролцуулдаг гэмт хэргийн бүлэглэл бий. Үүнтэй нэг улс дангаараа тэмцэх боломжгүй. Эдгээр бүлгийг гишгэх газаргүй болгоход Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах болно. Энэ чиглэлд Унгар улстай хамтран ажиллах талаар өнөөдөр мөн ярилцлаа” хэмээв.

Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто, “Унгар улс тероризмтой тэмцэхэд Монголтой хамтран ажиллахад бэлэн байна. Мөн Монгол Улсыг 2023 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр элсэхэд дэмжих болно. Түүнчлэн Монгол Улстай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхэд хамтран ажиллах бид бэлэн байгаа. Үүний нэг жишээ нь Биокомбинатыг шинэчлэхэд зориулж манай улсын 57 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох болсон. Одоо Монгол Улсын Их хурал зээлийн асуудлыг соёрхон баталсан тохиолдолд төсөл хэрэгжих боломжтой юм. Жил бүр 200 оюутан тэтгэлгээр сургах ажил цаашид тогтвортой үргэлжлэх болно” гэсэн юм.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.