Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцлээ. Манай улсын суурин хүн амын тоо 2023 онд 3 сая 463 мянга гаруй, өрхийн тоо 962 мянга гаруй болох тооцоо байдаг. Төв, суурин газарт 673 мянга гаруй өрх, эдгээрийн 70 орчим хувь нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдрана гэж үзвэл дор хаяж 150 мянган орон сууц барих шаардлагатай.
Иймээс:
– Амины 10 мянган орон сууцыг инженерийн хангамжтай холбох
– Газрыг дахин төлөвлөж нийтийн зориулалттай 45 мянган орон сууц
– Иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр 57 мянган орон сууц
– Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж нийтийн зориулалттай 3000 орон сууц
– Дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх төслүүдийн хүрээнд нийтийн зориулалттай болон амины 16512 орон сууц
– Түрээсийн 18488 орон сууц барихаар төлөвлөж байна.
“150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хоёрдугаар улиралд багтаан баталж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг сайд Х.Баделханд даалгав.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгах, зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо.
Хөтөлбөр нь иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууц барих зорилготой юм. Ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төөвлөгөөний дагуу гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөж, байгаль орчинд ээлтэй, инженерийн дэд бүтцэд холбогдсон тохилог гэр, амины болон нийтийн орон сууцны хороолол байгуулна.
Мөн байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хий ялгарал багатай, ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн орон сууцыг дэмжиж, төрийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах, нөхцлийг нь сайжруулахад онцгой анхаарахаар боллоо.
Хөтөлбөрийг 2019-2023 онд таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бүрдүүлж, орон сууцны даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно. Мөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үе шаттай шийдвэрлэх, зээлийн урьдчилгаа төлбөрийг тэтгэврийн даатгалын нэрийн дансны хуримтлалаас төлөх, дулааны эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг тарифын бодлогоор дэмжих зэргийг хөтөлбөрт тусгасан байна.
2018 оны байдлаар улсын хэмжээнд 894 мянга 500 орчим өрх байгаа бөгөөд нийслэлд 240 мянга, орон нутагт 58 мянга 500 гаруй инженерийн бүрэн хангамжтай орон сууц бий гэсэн статистик тоо гарчээ.
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
21 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.