М.Билэгт:Гацаанаас гарах боломжтой учраас ОУВС-гийн хатуу шаардлагыг дэмжсэн

2017-04-19 Улс төр

Энэ удаагийнхаа зочноор УИХ-ын гишүүн М.Билэгтийг урьж, цаг үеийн асуудлаар ярилцсан юм.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болзлуудаа Монгол Улс хангаад явж байна. Яг энэ үетэй давхацаад төсвийн тодотгол хийж, долоон төрлийн татвар нэмэхээр болж байна. Гэтэл АН-аас татвар нэмэхгүйгээр төсвөө тодотгох боломж байгааг хэлдэг. МАН-аас энэ төрлийн судалгаа муу хийв үү эсвэл өөр арга үнэхээр байсангүй юу. Хувь хүнийхээ хувьд та үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Ер нь бол Монгол Улсын эдийн засаг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрс муудсан. 2014 оноос эхлээд ард түмэнд энэ байдал эрс мэдэгдэж эхэлсэн. Эдийн засаг хямраад ард түмэн ч гэлтгүй үйлдвэрлэлийн салбарууд хүнд байдалд орсон. Ажилгүй, цалингүй, өрхийн орлого хасах түвшинд очсон. 2016 он гэхэд иргэд элгээрээ мөлхсөн. Энэ хямрал эхлэхдээ иргэдийн амьдралын түвшинд айхтар нөлөөлөөгүй байсан. Монголын хүн амын нэг сая 200 мянга нь яг хөдөлмөрийн насны хүмүүс байдаг. Үүний 100 мянга орчмыг нь татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулаад төрийн албан хаагч болгоод ажиллуулдаг.  Гэтэл үлдсэн нэг сая гаруй иргэнийг хөдөлмөрлөж амьжиргаагаа дээшлүүлэхэд нь яаж төрөөс бодлогоор дэмжих ёстой юм бэ гэдэг дээр төр хамгийн эхлээд анхаарах ёстой. Монгол бол дөрвөн улиралтай. Улирлын чанартай ажлууд бий. Гэтэл өвлийн улиралд зам, барилгын ажлууд үндсэндээ зогсдог. Цаг агаар дулаарсан үед буюу хавар дөрөвдүгээр сараас эхлээд намар арван сарыг дуустал барилгын салбарт, авто зам, уул уурхайн салбарт иргэд ихээр ажилладаг. Тэнд ажилладаг иргэд олсон орлогоороо өвлийн улиралдаа амьдраад яваад байж болдог. Үлдсэн дийлэнх хэсэг иргэн нь худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байна. Ер нь нийт ажлын байрны 80 хувийг худалдаа үйлчилгээний салбар эзэлж байна. Гэтэл сүүлийн дөрвөн жилийн хямралын нөлөөгөөр энэ салбарт борлуулалт байхгүй болсон. Яагаад гэхээр бусад  салбарт ажиллаад орлоготой байдаг иргэд ажилгүй болсон учраас худалдаа үйлчилгээний салбарын орлого эрс буурсан. Ингээд үүнийг дагаад борлуулалт зогсож байгаа юм. Маш хүнд байна.

-Бид өмнө нь хэд хэдэн удаа энэ хөтөлбөрт хамрагдаж байсан ч харамсалтай нь санхүүгийн сахилга бат гэдэг тал дээр юу ч суралцаагүй бололтой. Тэгэхээр энэ удаад ч мөн суралцах болов уу?

-1996-2000 онд Монгол Улсын эдийн засаг мөн л хүнд байдалд орж байсан. Лангуун дээр байх ёстой юм байхгүй болсон. Айл өрхүүд бүгд картын бараанд дугаарладаг байсан. Хамгийн гол нь тэр үед Монгол Улс гадаадад өндөр өртэй байсангүй. Одоогийн нэг хэцүү бэрхшээл нь гадны улсуудад төлөх хугацаа нь тулсан том том өртэй учраас хямрал бидэнд хүнд тусаж байна. Эдийн засгаа буцаж сэргээхийн тулд, иргэд ажилтай, цалинтай, орлоготой болох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бодит арга хэмжээ авах шаардлагатай байна. Улс орон өөрөө энэ хямралаас гарах хэрэгтэй байна. Хувийн хэвшил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн ажил урагшаа явж эхлэх хэрэгтэй байна. Тэгж байж иргэд ажил, орлоготой болно. Худалдаа үйлчилгээ явуулж байгаа иргэдийн бараа нь борлогддог болно. Компаниудын ажил яваад эхэлбэл ажиллагсад цалинтай, орлоготой болно. Энэ онд энэ хүнд байдал улам бүүр гаарна. Тэгэхээр хамгийн эхлээд гадны орнуудаас авсан энэ их өндөр өрүүдийг  төлөх, хугацааг нь нааш цааш нь болгох, хүүг нь бууруулах ч гэдэг юм уу тодорхой хэмжээний арга хэмжээнүүдийг авах ёстой. Хэрэв ОУВС-гийн хөтөлбөрт одоогоос хоёр жилийн өмнө хамрагдчихсан байсан бол улс орон ийм хүнд байдалд орохгүй байх байлаа. Яагаад гэвэл одоо гаднаас авсан их зээлийн хүүнд жилдээ 1.3 их наядыг төлөхөөр хэмжээнд байна. Энэ бол төсвийн маш их алдагдал. Тэгэхээр энэ зээлийн хүүний зардлыг бид хамгийн эхлээд багасгах ёстой. Дээр нь зээлээ хугацаанд нь төлж чаддаг байж байж гадны хөрөнгө оруулалт, дэмжлэгийг авч чадна.

Монголын хүн амын нэг сая 200 мянга нь яг хөдөлмөрийн насны хүмүүс байдаг. Үүний 100 мянга орчмыг нь татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулаад төрийн албан хаагч болгоод ажиллуулдаг.  Гэтэл үлдсэн нэг сая гаруй иргэнийг хөдөлмөрлөж амьжиргаагаа дээшлүүлэхэд нь яаж төрөөс бодлогоор дэмжих ёстой юм бэ гэдэг дээр төр хамгийн эхлээд анхаарах ёстой.

-Бид цөөхүүлээ, дээр нь олон сая толгой малтай. Газрынхаа хэвлий дэх баялгийнхаа хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог. Тийм байж иргэн нь ядуу байна гэж олон нийт шүүмжлэдэг. Энэ шүүмжлэлийг засах боломж байна гэж та хардаг уу?

-Манай улс гурван сая хүн амтай, маш их баялагтай. Гадны бага хүүтэй хөрөнгө оруулалтууд орж ирвэл манай улс босч ирэхэд маш амархан. Тэгэхээр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан байж байж бид гадны донор орнуудаас бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авч чадна. Яагаад гэвэл, өнгөрсөн дөрвөн жилд маш их мөнгийг гаднаас зээлсэн, эцэстээ хугацаанд нь зээлээ төлж чадахгүй байдалд хүрчихсэн байсан. Жишээ нь 2016 оны тавдугаар сард жилийн 11 хувийн хүүтэй мөнгийг гаднаас зээлсэн байсныг бид мэдэж байгаа. Энэ бүхэн биднийг өнөөгийн эрх баригчдыг хүнд байдалд оруулсныг  илэрхийлнэ. Үүн дээр нь нэмэхэд Монгол Улсыг гаднаас санхүүгийн дэмжлэг авах боломжгүй болгочихсон.

-Арилжааны банкуудыг буруутгах уу. Энэ салбар дээр ямар нэгэн хяналт ирэх үү?

-ОУВС манай банк санхүүгийн системийг хяналттай болгоно. Сахилгатай болгоно гэдэг дээр анхаарлаа хандуулаад хөтөлбөрт нь орохыг зөвшөөрчихвөл энэ дуулианаар гадны донор орнууд бага хүүтэй, урт хугацаатай зээлээ өгөөд эхэлнэ. Яагаад гэхээр эхний удаагийн Монгол Улс валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар боллоо гэсэн яриа хэлэлцээрийн мессэжээр япон улс гэхэд л 850 сая ам.долларыг 30 жилийн хугацаатай, эхний арван жилийг нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр жилдээ 1-1.5 хувийн хүүтэй зээл олгохоор болж байна. Яг ийм хөрөнгө оруулалт, зээлүүдийг олж чадаж байвал манай улс өнгөрөгч дөрвөн жилд туулсан санхүүгийн алдааг засах боломжтой болох нь ээ. Тэгэхээр одоо ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй байна. Гадны улсуудад богино хугацаанд төлөх өрүүдийн зээлийн хүүгийн зардлыг бууруулах зайлшгүй шаардлагатай байгаа учраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нэг болзлыг хангаж байгаа юм. Энэ нь төсвийн тодотгол байсан. Тэгэхээр бид төсвөө тодотгоод хөтөлбөрт хамрагдахаас аргагүй байдалд орсон. Гэхдээ энэ парламентад сонгогдсон УИХ-ын гишүүд  бол иргэд сонгогчдын төлөөлөл. Тийм учраас энэ Засгийн газрыг үргүй зардал гаргах, хэрэгцээгүй зарлуудаа дахин танах, богино хугацаанд эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарах талаас нь бүх нөхцөлөөр УИХ-ын гишүүд шаардах ёстой. Тийм учраас хөтөлбөрт хамрагдаг. Тулчихсан байгаа энэ зээлүүдийг бага хүүтэй мөнгөөр төлөөд эхлэг. Одоо л гэхэд Засгийн газраас гаргасан бонд жилийн 15-18 хувийн хүүтэй байна. Ингэж л бонд гаргаж байж цалин, тэтгэвэр тэтгэмжээ арай гэж тавьж байна шүү дээ. Зээлүүдийн хүүг бага хүүтэй болгох нь чухал байсан учраас арга буюу кноп дарлаа. Түүнээс иргэдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлж энэ улс орны эдийн засгийг сэргээнэ гэсэн бодлого байж болохгүй. Хөтөлбөртөө хамрагдаад хурдан хугацаанд эдийн засгаа сэргээх нь чухал учраас, гурван жилийн дотор энэ гацаанаас гарах боломж харагдаж байгаа учраас валютын сангийн хатуу шаардлагуудыг дэмжсэн. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэсэн дохиогоор донор орнууд ингэж хандаж байгаа юм чинь хамрагдсаны дараа маш эерэг олон боломжууд гарч ирэх байх гэж найдаж байна.

-ОУВС-аас тавьсан болзлуудыг бид тодорхой хэмжээнд биелүүлчихлээ. Энэ хөтөлбөрөөс орж ирэх мөнгийг юунд зарцуулах вэ?

-ОУВС өөрсдийн шаардлагын дагуу хөтөлбөрт орж ирсэн мөнгөө зарцуулна. Үүнийг төсвийн алдагдлаа нөхөхөд, үүнийг хувийн хэвшлийн бизнесээ хөл дээр нь босгоход зарцуулна, энэ хэсэг мөнгийг олон улсын зээлээ төлөхөд гэх мэтээр өөрсдөө хуваарилаад өөрсдөө хяналтаа тавиад явна. Эдний тавьж байгаа хяналтаас манайх хяналтгүй мөнгө зарцуулах байдлаар илүү үргүй зардал гаргавал хөтөлбөрөө зогсооно. Ийм хатуу болзолтой. ОУВС-гаас тавьж байгаа энэ шаардлага бол нэгдүгээрт, төсвийг тодотгуулаад, тодорхой, зайлшгүй тэвчиж болох зардлуудыг тануулаад үлдсэн төсвийн зарцуулалт дээр нь хяналт тавих гэж байгаа нь маш зөв. Нөгөө талаасаа манай банк санхүүгийн систем дээр хэрэгжинэ. Төв банкнаас эхлээд банкны системд аудит хийж дүгнэлт гаргана. 1996-1998 оны хооронд Өмнөд Солонгост яг ийм нөхцөл байдал үүссэн байдаг юм билээ. Арилжааны дотоодын банк санхүүгийнхээ систем, ноёрхлыг хянаж чадахаа болиод, улс төрөөсөө эхлээд тухайн улс бодлогоороо зохицуулж чадахгүй болсон байгаа юм. Яг энэ үеэсээ эхлээд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад яг өнөөдөр монголд тавьж байгаа энэ болзлуудад  захирагдаад явсан байгаа юм. Тэгтэл 38 арилжааны банктай байснаас ердөө дөрөвхөн банк үлдсэн гэдэг. Тэгэхээр энэ хяналт манайд хэрэгтэй. Тэгэхгүй бол Монгол Улсад байгаа өнгөтэй өөдтэй болгоныг банкныхан хурааж авч байдаг байдал хэрээс хэтэрсэн. Том том зээлийн эргэн төлөлтөд хүссэн ч эс хүссэн ч эрсдэл үүсч байгаа учраас хувийн хэвшлийн өнгөтэй өөдтэй болгон банкны гарт орсоор ирсэн. Ийм аюул манайд өнөөдрийн байдлаар нүүрэлчихсэн байгаа.

-Бусдаар мөнгөнийхөө зарцуулалтыг заалгаж байна гэсэн эсэргүүцэл, дургүйцэл олон нийтийн болон сөрөг хүчний зүгээс ирнэ байх л даа?

-Ганцхан манай улс мөнгөө хэрхэхээ хүнээр заалгаад байгаа юм биш. Бусад хөгжингүй орнуудын явсан зам. Бид өнгөрөгч жилүүддээ эх захгүй замбараагүй зээл аваад үр ашиггүй зарцуулсан. Үүнийгээ хэрхэн алдаа дутагдал багатай даван туулах вэ гэдгээ бодохоос өөр аргагүй. ОУВС-д хамрагдаад монголд хөрөнгө оруулах сонирхол гадны орнуудад үүсээд, өнөөх уул уурхайн том төслүүд хөдлөөд эхэлбэл хямралаас бүр их амархан гарна. Тэгэхээр хамтдаа ингэж л бүсээ чангалахаас өөр замгүй.

-Тэгэхээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих нь гашуун ч гэлээ өвчинд тустай эм гэдгийг нийгмийн дундаж түвшинд хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл иргэдийн нийт масс, сөрөг хүчний зүгээс арай өөр байдлаар тайлбарлаад байгаа. Тэгвэл энэ хөтөлбөрийн ашиг тус, бүсээ чангалах зайлшгүй нөхцөлийг МАН таниулах тал дээр муу ажиллаад байна уу. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ үед МАН-ыг сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлсэнгүй гэсэн асуудал дэгдэх нь тодорхой байна. Энэ тал дээр та ямар хариулт өгөх бол?

-Жишээ нь, хувь хүний орлогын албан татвар гэхэд л 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн тухайд нэмэгдэж байгаа юм. Үүн дээр хадгаламжийн хүүний тухайд тайлбарлахад, хадгаламжаа хадгаллаа гэхэд хүү оногдоно. Энэ хүүн дээр л татварын нэмэгдэл яригдаж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн тухайд урд нь ч өндөр байсан. Тэгэхээр буцаад л 2.5 хувь гэсэн өмнө нь байсан шимтгэл авагдах боломжтой гэж байгаа юм. Улс орныхоо урт хугацааны хөгжлийн төлөө энэ бүхнийг тэвчээд богино хугацаанд хямралаа даван туулаасай гэдэг талаас нь бид эдгээр татварын нэмэгдлүүдийг харж байгаа юм. Ер нь бол төр иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүйгээр хямралаас гарах боломж монголд байгаа юу гэвэл бий. Төсвийн тэвчиж болох маш их зардлуудаа танах хэрэгтэй. Энэ удаадаа зээлүүдийн эргэн төлөлтийн цаг нэгэнт тулчихсан, 1.3 их наядын зээлийн хүүний зардал зэргийг зохицуулах болсон учраас яалт ч үгүй хөтөлбөрт хамрагдах  сонголтыг хийсэн. Матрын нулимс унагаж байгаад ч хамаагүй орохоос өөр сонголт байгаагүй. Тэгэхээр богино хугацаанд энэ бүхний ард гарах болтугай гэж залбирцгаая.

Та бол бизнесийн салбараас УИХ-н гишүүн болсон. Дотор нь ороод асуудлыг хараад бодлого яриад эхлэхээр төр иргэн хоёрын дунд үүсдэг зааг ялгааг хэр мэдэрч байна вэ. МАН-д асуудлыг шийдэх гарц байгаа мэт харагддаг ч зарим талаараа иргэд шийдлийг нь шүүмжлэх өнгө аястай байх юм. Үүнд санал бодлоо хуваалцаач?

-Би УИХ-д орж ирээд иргэдийн амьдралд өдөр тутамдаа бий болдог асуудлаар хууль эрх зүйн орчныг сайжруулахад дуу хоолойгоо хүргэх ёстой юм байна гэдгийг сайн мэдэрсэн. Энэ УИХ-д нэлээд давуу талтай баг бүрдсэн. Насаараа төрийн ажил хийж дөжрөөгүй хүмүүс их орж ирсэн. Ихэнх нь өөрсдийн гараар баялаг бүтээсэн хүмүүс байгаа учраас иргэдийн нуруун дээр ямар ачаа дарамт ирдгийг мэдрэх чадвартай, бодит амьдрал дээр ямар заалт, хууль гарвал илүү өгөөжтэй байдгийг мэддэг хүмүүс гишүүн болсноороо ач холбогдолтой. Хуучин гишүүдийн тухайд Ц.Нямдорж, Энхтүвшин, Даваасүрэн гээд нөгөө талаас нь дуугардаг гишүүд байна. Эд маань сайн сайн шийдвэр гаргахад энэ шинэ гишүүд бидэнд их дэм болж байна гэдгийг сайшаадаг. Жишээ нь, Эрдэнэтийн 49 хувийн тухайд л Засгийн газрын 330 дугаар тогтоолыг зөрчсөн байна гээд буцаах цуцлах шийдвэр гаргахад амаргүй байсан. Энэ мэт зүйл дээр шинэ гишүүд байгаа тулдаа энэ шийдвэр гарч чадлаа гэдгийг хуучин гишүүд хэлж байсан. Биднийг арай эрүүл өнцгөөс нь асуудлыг харж чадлаа гэж байсан. Эрдэнэтийн 49 хувв гээд яриахаар Монросцветмэт компанийн тухай дурьдагдана. Монросцветмэт дээр монголын үүц болсон уул уурхайн лицензүүд байдаг. 2016 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын нууц тогтоол гараад стратегийн таван лицензийг Монросцветметийн нэр дээр болгосон байдаг. Гэтэл зөвхөн тэр таван орд гэхэд л таван Эрдэнэттэй тэнцэх хэмжээний орд. Бидний мэдэхгүй 50 ийм орд үүний цаана байгааг учир мэдэх хүмүүс нь мэддэг. Тэгэхээр манай улсын хамгийн сор болсон, стратегийн чиглэлийн энэ олон ордын хайгуулын лицензүүд бүгд хувийн хэвшил рүү явчих гээд байсныг зогсоож чадсан. Энэ мэт амаргүй кнопуудыг намраас хойш шинэ гишүүд дарж чадсан шүү.

-Амаргүй кнопууд дарлаа гэж байна. Хүүхдийн мөнгөний тухайд зорилтот бүлэгт олгохоор болсон. Хүүхэдтэй хүн бүр энэ шийдвэрт таатай хандаагүй. Сонгогчиддоо энэ хэцүү шийдвэрийг хэрхэн тайлбарлах вэ?

-Бодит амьдрал дээр үүссэн нөхцөл байдлаа л хэлнэ. Улс орны эдийн засаг ийм болчихсон, аргагүй нөхцөл байдал үүссэн учраас хүүхдийн мөнгийг 40 хувьд нь олгох шийдвэрийг дэмжсэн шүү гэж л хэлнэ. Нийтээрээ шаварт унаж байхаар нэг хэсэг нь бүсээ чангалаад улс орныхоо эдийн засаг сэргэхийг хүлээе. Манай улсад эдийн засаг сайжрах боломж бий. Уул уурхайн том том төслүүд шийдлээ хайгаад байж байна. Тавантолгой гэхэд л манай мэдэлд бүрэн байж байна. Оны өмнө гэхэд л яг Оюутолгойн хэлбэр загвараар тавиад туух боломж байсан. Бид тийм зүйл хийсэнгүй. Тэгэхээр боломж байгаа. Монголын ард түмний үнэт баялаг монгол төрийн гарт байгаа цагт эдийн засаг сэргэх боломж байгаа гэж харж байна.

М.ТУНГАЛАГ

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.