Өнөөдрөөс нийслэл хот руу түүхий нүүрс оруулахгүй

2019-05-15 Засгийн газар

Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж Засгийн газар үзэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тогтоол гаргасан юм.

Цаашид айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхгүй бөгөөд дээрх шийдвэр цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй.

Сайжруулсан шахмал түлш хэрэглэх нь айл өрхүүдэд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс түлдэг байсан нэг өрх хоёр дахин бага сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ гэсэн тооцоо гарчээ. Сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрснээс илчлэгийн хувьд хоёр дахин илүү, шатах хугацаа хоёр дахин урт болох нь туршилтаар батлагдсан байна.

Өнөөдрийн байдлаар 60 мянган тонн сайжруулсан түлш, түүхий эдийн 120 мянган тонны нөөцтэй байна. 25, 600, 900 кг болон нэг тонноор савласан сайжруулсан шахмал түлшийг нэг тонныг нь 150 000 төгрөгөөр тооцон 1000 орчим цэгээр борлуулж эхэллээ. Түүхий нүүрс борлуулдаг байсан цэгүүдээс хороо, дүүрэг авах тул хүртээмжид сөрөг зүйл гарахгүй гэж хотын захиргаа үзэж байна.

Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх нь богино хугацаанд цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Үүнтэй зэрэгцэн иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг мөн давхар хэрэгжүүлж байна.

Нийслэлийн түүхий нүүрсний жилийн хэрэглээ жилд 1.2 сая тонн бөгөөд ялгарч байгаа утаа нь агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.