Ө.Энхтүвшин: Гадна талд асуудлаа шийдлээ, дотооддоо учраа олж болох байх

2019-04-5 Засгийн газар

Хэвлэлийн бага хурал

“Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан “Стандарт” банкнаас зээл авсан нь гадаад болон дотоодод нэлээд шуугиан дагуулаад байсан юм. Харин Монголын Засгийн газраас 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан үндэслэлээр төлж барагдуулсан аж. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү, алдагдалтайгаа нийлээд 109 сая ам.доллар болчихсон байсныг яриа хөөрөө хийсээр 40 болгон төлжээ. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшингийн мэдээлснээр “Засгийн газар Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс аргагүй болсон. 2018 онд Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажилласан. Үүнд, хэд хэдэн сайд, хуульчид оролцсон. Ажлын хэсэг хэрэв өрийг төлөхгүй бол ямар эрсдэл үүсэх асуудлыг бодож үзсэн. “Эрдэнэт” үйлдвэрт төлөх гадаад төлбөрийн гүйлгээг царцаах асуудлыг зэсийн баяжмал авдаг хэд хэдэн компанид мэдэгдсэн байсан. Мөн “Стандарт банкнаас өр төлбөрийг даруй шийдэхгүй бол гуравдагч этгээдэд өрийг зарах асуудал үүсэхээр байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гадаад оронд зорчих эрхийг хязгаарлах, хөрөнгийг хураах зэрэг эрсдэл үүсэхээр байсан. Тиймээс ажлын хэсгийн зүгээс Монгол Улсад хохирол багатайгаар төлбөрийг шийдэх хэрэгтэй гэж үзсэн. Эхний ээлжинд гадна талдаа асуудлаа цэгцэлж, дараа нь дотроо буруутай этгээдээс төлбөрийг хийлгэхээр шийдсэн. Улмаар гурван сарын хугацаанд яриа хэлэлцээрийг идэвхтэй хийсний үндсэн дээр АНУ-ын компаниар дамжуулан урт хугацаанд үргэлжилсэн яриа хэлцлийн дараа 40 сая ам.долларыг хүү, торгуульгүйгээр нэн яаралтай төлбөл асуудлыг шийдэхээр тохиролцсон. Өрийг “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас гаргаж шилжүүлсэн. “Стандарт банк хүлээж авч асуудлыг шийдэгдлээ гэж хариу ирүүлсэн. Ингэж гадна талдаа асуудлаа шийдлээ. Одоо дотор талдаа буруутай этгээдийг илрүүлэх болно. Үндсэндээ “Стандарт” банкны өрийг шийдсэн гэж хэлж болно” хэмээв.

Ийнхүү мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Манайхан “Стандарт” банкны өрөө төлж дууссан гэсэн үг үү?

-Тийм ээ. Гэхдээ энэ мөнгө бол зөвхөн “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан мөнгө дүнг шилжүүлсэн гэсэн үг. Тэр 160 гаруй сая ам.доллар бол Ш.Батхүүгийн өр.

-Ш.Батхүүгийн гарын үсэг хуурамч байсан эсэх асуудлыг шийдэх хуулийн байгууллагын шалгалт эцэслэгдээгүй байна. Энэ шийдвэрийг хүлээх боломж байгаагүй юм уу?

-Хүлээх боломжгүй. Өдөр бүр хүү, алданги нэмэгдээд байсан. Ингэсээр нэг мэдэхэд үйлдвэрийн тодорхой хувийг алдах эрсдэл үүсэх боломжтой байсан.

-40 сая ам.доллар бол бага мөнгө биш. Үйлдвэр өөрөө төрийн өмч, татвар төлөгчдийн мөнгө. Нэг хэсэг хүний хариуцлагагүй байдлаас болж үр ашиггүй төлбөр төлж байна. Хариуцлага тооцох уу?

-Буруутай этгээдээр төлүүлэх асуудлыг шүүхээр шийдэж, эцэслэнэ. Хууль шүүхийн байгууллага шуурхай ажиллах байх.

-“Монголын зэс”корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшинд мөн бичиг ирсэн гэсэн. Энэ ямар утгатай бичиг вэ?

-Гуравдугаар сарын 1-ний өдрийн бичиг бөгөөд тухайн сарынх 8-нд нь ирсэн. Тэр бичигт 101 сая орчим ам.долларыг яаралтай энэ дансанд төл, төлөхгүй бол цаашид өр, хүү нэмэгдээд явна гэдэг бичиг тухайн үеийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн болон Ц.Пүрэвтүвшин нарт ирсэн гэсэн.

Дашрамд тодруулахад, “Эрдэнэт” үйлдвэрийн батлан даалттайгаар Стандарт банкнаас анх 160,1 сая ам.долларыг авсан байна. Стандарт банк мөнгөө төлөхгүй байхаар нь 2012 онд Лондонгийн Арбитрийн шүүхэд хандсан. “Эрдэнэт” үйлдвэрээс 86,95 сая ам.долларыг нэхэмжилжээ. Учир нь “Эрдэнэт” үйлдвэр батлан даагчаар орсон юм билээ. Ингээд Лондонгийн арбитрийн шүүхээс манайхыг 51 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийг манай тал хүлээн зөвшөөрөөгүй учир Английн шүүхэд мөн хандсан аж. Английн шүүхийн шийдвэр эцсийнх байсан учир Ерөнхий сайдын захирамжаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг 2018 оны наймдугаар сард гаргажээ. Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсан байна. Английн дээд шүүх “Эрдэнэт” үйлдвэрийн төлбөрийн гүйлгээг царцаах, “Стандарт” банкны төлбөрийн асуудлыг шийдвэрлэхгүй бол эд хөрөнгийг хурааж авах хүртэл шийдвэр гаргасан байна. Ажлын хэсэг эхний ээлжинд гаднын асуудлаа шийдвэрлээд, дараагаар нь дотоодын асуудалдаа орох саналыг Засгийн газарт оруулж, дэмжсэн нь энэ юм байна.

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.