Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэллээ

2019-02-28 Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад нэн тэргүүнд эхлүүлсэн том зорилт, гол ажлын нэг бол улаанбаатарчуудын сэтгэлийг зовоож, эрүүл ахуйд нь сөргөөр нөлөөлж байгаа Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил байсан. Сүүлийн хориод жил ярьсан ч шийдэгдээгүй энэ ажил өнөөдөр биеллээ олж шинэ төв цэвэрлэх байгууламжийн шав тавьж байгаад баяртай байна гэж  Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын ажиллагаанд оролцохдоо хэллээ.

 

Энэхүү төслийн хамт Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх саарал усны үйлдвэр шинээр ашиглалтад орох учиртай. Энэ хоёр хоорондоо хүйн холбоотой төсөл юм. Эдгээр төслийг цаг хугацаанд нь чанартай хэрэгжүүлснээр нийслэлийн ард иргэдийн ажиллаж, амьдрах орчин сайжрах юм гэдгийг хэлээд төслийг эхлүүлэх хоёр талын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсон БНХАУ-ын Худалдааны яам, тус улсаас манай улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, НЗДТГ зэрэг хамтран ажилласан байгууллага, хүмүүст Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ.

Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг корпораци”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн түншлэл шалгарч Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулжээ.

Энэ төсөл нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гурван жилийн хугацаанд хэрэгжиж, нэг жилийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийж, инженер техникийн ажилчдыг дагалдуулан сургана. Төслийн бүтээн байгуулалтад дотоодод үйлдвэрлэсэн барилгын материалыг өргөнөөр ашиглах бөгөөд хоёр улсын ажилчдыг тэнцүү тоогоор ажиллуулна.

Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр ахуйн бохир ус цэвэрлэж, лагийг бүрэн боловсруулан эрчим хүч үйлдвэрлэнэ. Мөн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, III, IV дулааны станцын технологийн хэрэгцээнд ашиглана.

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усыг стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж, нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулж, нийслэлийн иргэд тав тухтай ажиллаж амьдрах орчин бүрдэнэ.

Мөн иргэдийг орон сууцтай болгоход нэн шаардлагатай инженерийн дэд бүтцийн салшгүй нэг хэсэг болох бохир ус татан зайлуулах шугам, сүлжээний хүчин чадал нэмэгдэх асуудал давхар шийдэгдэх юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.