“Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг 2018 оны тайлангаа танилцуулж, нийгэмд хүлээлт үүсгээд байсан зарим асуултад хариулт өгсөн юм.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК түүхэндээ 45.8 сая тонн нүүрс олборлосон байна. Энэ хугацаанд 4.6 их наяд төгрөг буюу 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаас 2017, 2018 онуудад 3.1 их наяд төгрөг, үүнээс 2018 онд 1.99 их наяд төгрөгийн орлоготойгоор 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлж дуусгасан гэв. Харин 335 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах үүрэг хүлээснээс 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Мөн гадаад өр болох 680 гаруй сая төгрөгийн өр зээлийг төлж барагдуулжээ. Ингэснээр олон улсын зах зээлд гарч өрсөлдөх бүх боломж бүрдэж байгааг онцоллоо.
Тус компанийн өнгөрөгч онд хийсэн бас нэгэн өгөөжтэй ажил бол өнгөрөгч тавдугаар сард байгуулагдсан “1,072 хувьцаа мэдээллийн төв”-өөр дамжуулан давхардсан тоогоор 1.25 сая иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн аж. Өөрөөр хэлбэл, 500 мянга гаруй иргэн үнэт цаасны дансаа нээлгэх боломжийг бүрдүүлж өгчээ. Түүнчлэн өнгөрөгч онд ажилчин, уурхайчдынхаа цалинг 21 хувиар ХАБ-ын нэмэгдлийг 30 хувиар, шенийн нэмэгдлийг 50 хувиар тус тус өсгөж, урамшуулалт болон үндсэн цалингийн санг нэмэгдүүлж, хүүхэд асарч буй эхчүүдэд cap бүр тэтгэмж олгож эхэлжээ.
Мөн үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, ЗГ-аас компанийг олон улсын зах зээлд IPO гаргах үүргийг өгснөөс хойш ордыг ашиглах ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж, дэд бүтцийн төслүүд-(НБҮ, усан хангамж, төмөр зам, авто зам, ЦСтанц)-ийг хөдөлгөх тооцоо, судалгааг хийж, зарим ТЭЗҮ-ийг батлуулахад бэлэн болгож, олон улсын 4 зөвлөх, нэмэлтээр санхүүгийн байгууллага, шинжээчидтэй хамтрах ажлуудыг зохион байгуулах зэргээр төслийн нэгдүгээр шатанд хийгдсэн ажлын тайланг УИХ-д мэдээлж, танилцуулахад бэлэн боллоо.
Нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээг байгуулж. сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж зэргийг байгуулахаар болсон бол Улаанбаатар хотод Тавантолгойн ордын нүүрсийг нийлүүлж, сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтад өгөөд байна. Мөн 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах “Азийн хүүхдийн наадам”-ыг ивээн тэтгэнэхээр тохирчээ.
2019 онд 1072 хувьцаа амь орж үр ашгаа өгнө. Ирэх 4 дүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурал болж нэг ширхэг хувьцааг хэдэн төгрөгөөр үнэлж ногдол ашиг өгөх талаар ярилцаж үнийг тусгайлан тогтооно гэлээ.
Мөн Засгийн газраас 1 ширхэг хувьцааны үнийг 933 төгрөг гэж үнэлээд байгаа. Магадгүй энэ үнэлгээ компани олон улсын зах зээлд гарч ажиллавал нэмэгдэх магадлалтай. Тиймээс иргэд өөрт байгаа хувьцааг зарж үрж болохгүй. Өөрт болон үр хүүхэд ирээдүйд тань хэрэгтэй маш том хөрөнгө оруулалт гэдгийг хэллээ.
4 цагийн өмнө
6 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.