Хиракава Масаказү: Органик гэгдэх бүтээгдэхүүн олон улсын шаардлага хангах эсэх нь чухал

2018-11-15 Эдийн засаг

Монгол Японы бизнесийн зөвлөлөөс санаачлан хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр багагүй ажил өрнүүлж эхэлсэн. Үүнд, адууны мах болон арьс ширэн бүтээгдэхүүн импортлох хүсэлтэй тус орны компаниудын хүсэлтээр уулзалт зохион байгуулжээ. Анхны хэлэлцээр амжилттай хийгдэж туршилтын бүтээгдэхүүнийг илгээгээд байна. Мөн байгальд ээлтэй хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах Японы хуванцар сав экспортлогч компанийн хүсэлтээр уулзалт хийж анхан шатны яриа хэлэлцээрт хүрсэн. Нэг үгээр хэлбэл, Япон улстай хамтран ажиллах төслүүдийг эхлүүлээд байгаа аж. Ингээд хоёр орны бизнесийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Хиракава Масаказүтэй ярилцсанаа хүргэе.

– Юуны өмнө Монгол Японы бизнесийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон баяр хүргэе, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, дэмжих чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

– Баярлалаа, миний бие Япон Улсын “Ms консалтинг” компанийн захирлаар ажилладаг, манай компани Японы зах зээлд гарах сонирхолтой гадны компаниудад туслалцаа дэмжлэг үзүүлэх, Японы зах зээлд нэвтрэхтэй холбоотой судлагаа зөвлөгөө, стратегийн төлөвлөлт боловсруулахад дэмжлэг үзүүлдэг компани юм. Өнөөг хүртэл Танхим, Жетро зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр олон компани Монголоос Япон руу, Японоос Монгол руу үйл ажиллагаагаа өргөжүүлэх, компаниудыг холбох, танилцуулах бараа бүтээгдэхүүнээ экспортлох, импортлох ажлуудыг хийж ирсэн. Тодорхой үр дүн гаргаж байсан. Миний зүгээс бизнесийн таатай орчин, урт удаан хугацаанд амжилттай бизнесээ явуулахад нь тус дэм болохыг зорьж байна.

– Та Монголд хэд дэх удаагаа ирж байна вэ, Монгол Японы бизнесийн зөвлөл хоёр орны бизнес эрхлэгчдийг холбосон хэд хэдэн төслийг эхлүүлээд байна, энэ бүхэнд гар бие оролцсон уу?

– Хоёр дахь удаагаа ирж байна, өнгөрсөн жил ирэхдээ монголын компаниудыг Японы зах зээлд гарахад ямар судалгаа хийдэг, ямар бэлтгэл хангах ёстой талаар хичээл заасан. Монголын чацаргана, самар, арьс ширэн бүтээгдэхүүн экспортлох төслүүд байна. Монголын давуу талыг Япон компаниудад, түншүүдэд нь зөв таниулах, бололцоо боломжийг нь илүү ойлгомжтой байдлаар хүргэх, хөрөнгө оруулагчдад боловсруулсан мэдээллийг аваад уншихад илүү энгийн, тэр хүмүүсийн загвар хэв маягт таарсан байдлаар хүргэснээр цаашдын харилцаа холбоо илүү бат бөх, ойлгомжтой, амжилттай харилцаа бий болно гэж бодож байна. Миний зүгээс санал болгож байгаа төслүүдийг японы хэлбэрт оруулах, япон компаниуд түүнийг авч ашиглах, харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг эхлүүлэхэд ойлгомжтой байдлаар байх зорилго тавьсан.

– Японы зах зээлд нэвтрэх нь томоохон компаниудад харьцангуй хялбар байж болох ч жижиг дунд компанийн хувьд багагүй асуудал, бэрхшээлтэй байдаг, энэ тал дээр та ямар бодолтой байна?

– Гадны компаниуд Японы зах зээлд нэвтрэхэд өндөр хөгжилтэй орных ч бай хөгжиж буй орных ч бай ялгаагүй. Хамгийн чухал зүйл нь, тухайн компани давуу талаа улам сайн зүлгэж, нэвтрэх гэж байгаа зах зээлээ сайтар судлах явдал юм. Японы хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд одоо зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүнээс давсан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг гаргаж ирэх шаардлагатай, үүний тулд Японы зах зээлийг сайтар судлах хэрэгтэй. Монголд гэлтгүй Японы компаниудад ч гэсэн ажиглагддаг зүйл нь судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр цаашдын стратеги, төлөвлөгөөгөө боловсруулах гэсэн процессыг дутуу хийдэг. Энэ процессыг гүйцэд боловсронгуй хийчихвэл дараа нь алдаа гарсан ч дор дор нь засаад явж болно, харин анхнаасаа “за юу ч гэсэн хийгээд л үзье” гэсэн сэтгэлээр хийсэн бол цаашдаа тогтвортой амжилтад хүрнэ гэж байхгүй. Японы зах зээл насжилт өндөртэй, хүн амын тоо цөөрч байна гэдэг юм уу манай зах зээлийг чамлах нь бий. Гэхдээ одоо хэр нь дэлхийн гуравдагч зах зээлтэй орон өөрөөр хэлбэл эдийн засаг, зах зээлийн хувьд хүмүүсийг татах өндөр чадавхтай байгаа. Монголын компаниудын хувьд “Монголын” гэсэн давуу талыг агуулсан бүтээгдэхүүн, түүхий эдээ Японы зах зээлд таниулах хэрэгтэй, таниулахдаа хангалттай сайн судалгаатай байх хэрэгтэй. Зах зээлийн өрсөлдөөний талаар судалгаатай, зах зээлийн стратегийн зөв төлөвлөгөөтэй байх зэргийг цогцлоож байж, япон хүмүүст өөрсдийн давуу талаа таниулж, үйлдвэрлэлийн цар хүрээ, хэр хэмжээ зэргийг бүрэн ойлгуулж чадсанаар ажлаа эхлэх, үргэлжлүүлэх, хөгжүүлэх, зах зээл дээр гарах бололцоо бий гэж бодож байна.

Дийлэнх монгол компани манайх органик, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж таниулах гээд үзээд байдаг. Гэтэл Японы зах зээл дээр өрсөлдөж байгаа, хэрэглэгчдэд танигдсан байгаа бүтээгдэхүүнээс юугаараа давуу вэ, эсвэл монголын бүтээгдэхүүнээс японы хэрэглэгчид яг юу хүсч байгааг таньж мэдсэнээр бүтээгдэхүүний давуу тал, өрсөлдөх чадварыг бий болгоод японы хэрэглэгчдэд таниулах, хамтрах санал тавибал амжилт олох магадлал өндөр байна.

Манай мэргэжлийн баг япон хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг монголын компаниудад оновчтой дамжуулж, монголын компаниудыг тэр хэмжээнд бэлтгээд японы зах зээлд гарахад нь туслах үүрэгтэй. Тухайн зах зээлд хоногшуулаад нутагшуулаад хөгжүүлэх төв нь зөвлөл байхыг зорино. Миний хувьд өнөөг хүртэл санхүү болон хүний нөөц бага, олон нийтэд төдийлөн танигдаагүй, хийх хүсэл тэмүүлэлтэй, технологийн нөөцтэй компаниудтай хамтарч ажиллаж ирсэн. Мэдээж хэрэг томоохон компаниудын хувьд хөрөнгө мөнгө болоод хүн хүч бүрдсэн байдаг ч жижиг компаниудад том компанид байдаггүй хурд байдаг. Ийм компаниуд бизнесийн үйл ажиллагаанд идэвхтэй бөгөөд уян хатан ханддаг тул шинэ зах зээлд нэвтрэхэд илүү хялбар байдаг талтай.

– Дэлхийн бусад оронтой харьцуулахад Монгол компаниудын Японы зах зээлд гарах боломж аль хэмжээнд байна гэж бодож байна?

– Богино хугацаагаар ирсэн ч хэд хэдэн компанийн ажил байдалтай танилцаж чадлаа. Танилцах явцад Японы зах зээлд гарах боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээ Монголд байгаа нь харагдлаа. Ийм боломжтой компаниудад төвлөрөөд дэмжээд явах юм бол ямар нэг байдлаар Японы талаас хамтрагч олох боломжтой. Мэдээж, яг ажиллаад ирэхээрээ тухайн компанийн удирдлага болон үйл ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдал зэргийн сайтар судалж нягтлах шаардлагатай. Би Хятад болон Хонгконгт бизнес хийж үзсэн л дээ. Тэдгээр орнуудтай бизнес хийхэд “Японы арга барилд тохируулна” гэх бодол бага байдаг юм шиг санагдсан. Мэдээж тэдгээр орнууд олон улсын бизнесийн арга барилыг ойлгож мэдэж байгаа ч гэсэн тэр. Монголын хувьд, байршил ойрхон, Японы соёл уламжлалыг ч сайтар мэддэг юм шиг сэтгэгдэл төрсөн. Тиймээс Японы зах зээлд нэвтрэх арга барилыг эзэмшиж чадах компани олон байгаа гэж бодож байна. Цаашид Монголын компаниудад хамгийн хэрэгтэй зүйл бол тодорхой зорилтот салбар өөрөөр хэлбэл, тухайн зах зээлд нэвтрэхээр ажиллах үед тулгарах олон олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуудал болов уу. Ийм бодит асуудалд ямар ч бэлтгэлгүйгээр, яаж ийж байгаад болгоно гэж хандахаас илүүтэй, бусад хүмүүсийн алдаа оноо, туршлага дээр судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр юуг хэрхэн хийхээ шийдвэрлэх хэрэгтэй.

– Та бид Монгол компаниудыг Японы зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх талаар багагүй ярилцлаа. Тэгвэл Японы компаниудыг Монголд нэвтрүүлэхэд хэрхэн ажиллах вэ?

– Монголын зах зээлд ороод ирчихсэн Япон компани цөөхөн байгаа. Бүх Япон даяар сүлжээтэй ресторан ч юм уу, бэлэн хувцасны нэртэй компаниуд ч юм уу бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлодог Азийн бусад орнуудыг бүрэн хамруулаад одоо хаашаа гарах вэ гэсэн компаниуд байгаа. Тэр компаниудад Монголын зах зээлийг бодитойгоор танилцуулж оруулж ирэх боломжийг хангаж ажиллана гэж бодож байна. Монголын компаниуд бараа бүтээгдэхүүн импортлох болон хамтарч үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх амжилттай жишээнүүдийг эхнээс нь гаргаж ирснээр бусад компаниуд орж ирэх, хамтрах таатай нөхцлийг бүрдүүлэх болно.

– Монголын хөрөнгө оруулалтын орчны та ямар бодолтой байна, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Япон компаниуд бизнестээ хэрхэн ашиглаж байгаа бол?

– Хөрөнгө оруулалт, компаниудын бизнесийн стратеги төлөвлөлт, зах зээлийн судалгаа чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хүмүүс манай багт ажилладаг. Өмнө хийгдэж байсан туршлага бий, сайн ч зүйл бий, алдаа дутагдал ч бий, тэр бүгдийг эмхэлж цэгцлээд судалгаа шинжилгээг улам бүр нарийн болгож бодитой жишээн дээрээс сайн, ашигтай зүйлийг авч тусгаад, ирээдүйд гарч болох эрсдлээс аль болох хамгаалж ажиллавал бизнесийн хамтын ажиллагаа улам хүчирхэгжиж бэхжиж ирнэ гэсэн зорилго байна. Харин эдийн засгийн хэлэлцээрээс үр дүн хүртчих юмсан гэсэн, үйл ажиллагаагаа өргөжүүлэх юмсан гэх хүсэл сонирхол Монголчуудад давамгай бий, Японы компаниуд сайн мэдэхгүй байна, тиймээс цаашдаа таниулах ажлууд хийгдэнэ.

– Хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг ямар түвшинд байна гэж үнэлж байна?

– Одоогоос 20 жилийн өмнө намайг Хонгконгт байхад Хятадын эдийн засаг үсрэнгүй хөгжлийн эхний шатандаа орж байсан. Тэгэхэд шинжээчид эдийн засаг нь жинхэнэ утгаараа хөгжихөд ахиад хугацаа шаардагдана гэж байсан. Гэтэл түүнээс хойш 20-хон жилийн дотор Хятад улс Америкийг давсан эдийн засгийн хүчтэй орон болно гэж хэн ч төсөөлөөгүй байх. Тухайн үед Хятад Улс төсөөллөөс давсан хурдаар хөгжихийг би яг хажуугаас нь харж байсан. Ингээд бодохоор өнөө үед эдийн засгийн хөгжлийн хурд өөрчлөгдөж, эхлэлийн шатнаас өндөр хөгжлийн шат хүртлээ их хугацаа зарцуулахаа больсон гэж хэлж болно. Бизнесийн салбарт одоог хүртэл байгаагүй бизнес модел санаачилж, эхлүүлж, хөгжүүлж, өргөжүүлэх хүртэлх хурд маш эрчтэйгээр хурдасч байна. Монголд ч гэсэн үүнтэй ижил нөхцөл байгаа учраас боломж байгаа гэж бодож байна. Эдийн засаг хөгжих үндэс нь “Тухайн улсын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар болон чанар” гэж бодож байна. Би Монголд анх удаа ирсэн учраас хангалттай судалгаа шинжилгээ хийж үзээгүй байна л даа. Тухайлбал, Монголд үйлдвэрлэсэн зөгийн бал, арьсан эдлэл зэрэг нь олон улсын зах зээлд өрсөлдөхүйц байж чадах уу гэдэг нь гол асуудал болно. Одоогоор чанарын шаардлага хангахгүй байгаа ч юм уу, эсвэл бусад орны бараа бүтээгдэхүүнтэй ижил хэмжээнд байгаа бол олон улсын зах зээл дээр илт давуу чанартай бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. Үүний тулд Засгийн газрын бодлогоор өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн төлөөх зорилго болон зорилтот зах зээлээ тодорхойлж, бодитой төлөвлөгөөтэй ажиллах ёстой. Олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргахын тулд дан ганц хувийн хэвшилд даатгаад орхиж болохгүй. Монгол Улсын хувьд аль чиглэлээ барьж ажиллах нь бусад улс орны анхаарлыг татаж чадах вэ. Тухайлбал зөгийн бал, арьсан эдлэл, эсвэл аялал жуулчлалын салбар ч юм уу, аль нь ч байсан тухайн зүйлийнхээ үнэ цэнийг улам нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг дуудах нь нэгэн чухал хүчин зүйл болох болов уу гэж бодож байна.

– Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Д.Золжаргал

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.