УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, ирэх оны төсвийн талаар өөрийн санал дүгнэлтээ танилцуулав.
Тэрбээр “2019 оны төсвийн төсөл ихээхэн шүүмжлэл хүлээхээр муу боловсруулсан байна. Төсөв боловсруулсан хүмүүс нь илт ашиг сонирхлын зөрчилтэй байгаа нь харагдаж байна. Тухайлбал, Сангийн сайд өөрийнхөө тойрогт ихээхэн хэмжээний төсөв суулгасан байна. Эдийн засгийн үзүүлэлтээ тогтож харвал сайжирсан зүйл огт байхгүй. Инфляци 8.8 хувь болж өсжээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 602 төгрөгөөр сулраад байна. Бензиний үнэ 19-30 хувь өсчихөөд байхад Засгийн газар хариу үйлдэл үзүүлэх чадваргүй сууж байна. Сүүлийн хоёр жилд улсын нийт өр нэмэгдсэн байна. Одоо 21.1 их наяд төгрөгийн өртэй байна. Өр нэмж авахгүй, зээл авахгүй гэж байсан эрх баригчид өрийг нэмэгдүүлсэн байж өр дарлаа гэж ярьж байгааг би ойлгохгүй байна. Дээр нь дэлхийн эдийн засаг том хямралтай нүүр тулж магадгүй байна. Засгийн газрын төсвийг алдагдалтай төлөвлөсөөр өр их хэмжээгээр нэмэгдлээ. Алдагдал бол өр юм. Төв банкны үнэт цаасны өрийн үлдэгдэл ихэслээ. Өнөөдөр төв банк 4 их наяд 276 тэрбум төгрөгийн өртэй байгаагаас дотоод өр ямар их байгааг харж болно” хэмээн шүүмжилсэн юм.
Тэрбээр үргэлжлүүлэн “Авлигатай тэмцэх газрын урсгал зардалд 12 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ байгууллага оффшор дахь хөрөнгийг оруулж ирэх, үндэслэлгүйгээр баяжсан хүмүүстэй тэмцэхийн оронд сургуулийн захирлуудтай тэмцээд эхэллээ. Ажлаа хийдэггүй энэ байгууллагыг санхүүжүүлэх хэрэг байна уу?” гэж УИХ-ын гишүүдээс асууж байлаа.
Цааш нь “Миний бие Монгол Улсад тогтолцооны шинэчлэл хийх шаардлага тулгараад байгааг сануулсан билээ. Харамсалтай нь, Засгийн газраас өргөн гарсан төсвөөс шинэчлэл харагдахгүй байна” гээд “Эрхэм гишүүд та бүхэн 2019 оны төсвийг ахин нягталж харахыг хүсье. Ирэх жилийн төсөвд үндэсний эрх ашгийг хангасан, шинэчлэл хийсэн төсөв хийхийг хүсье. Сүүлийн жилүүдэд баталсан төсвөө байнга тотгодгоо болих цаг ирсэн байна. УИХ улс орны нийтлэг эрх ашгийг хангаж ажиллахыг сануулж байна. Хэрэв 2019 оны төсвийг энэ байдлаар нь баталвал нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүнийхувьд уг төсөвд хориг тавих болно. Өнөө орой 18:00 цагаас 2018 оны төсвийн талаар Үндэсний аюулгүй байдлын хурлыг зарлаж байна” гэлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга дүгнэлтээ танилцуулсны дараа УИХ-ын чуулганаар Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлахаар хэлэлцэж эхлэв.
Монгол Улсад 34 хөлөг агаарын тээврийн үйл ажиллагаа явуулж байна. Үүний 19 нь зорчигч тээврийн чиглэлээр зарцуулагдаж байна. “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орсноор агаарын хөлөг түүний сэлбэг тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хөгжихөд түлхэж болно гэж Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар танилцуулав.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.