Төрийн эрх мэдэлтнүүд “далд эзэмшил”-ээ ил болгохыг хүсэхгүй байна !

2019-03-28 Байгаль орчин

 

-Үндэсний “ТАН” (Төлсөн авсанаа нийтэл) эвслээс мэдээлж байна-

Монгол Улс нь 2006 онд нэгдэн орсон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын хүрээнд “олборлох салбараас ашиг хүртэгч эцсийн өмчлөгч, эзэд”-ийг (цаашид бенефициар өмчлөгч гэх) 2020 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд ил тод болгох амлалтыг авсан. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтарсан гурван талт ажлын хэсгээс “Замын зураг” төлөвлөгөөг олон талуудын дэмжлэг оролцоотойгоор баталсан.

ОҮИТБС-ын Стандарт шаардлагын 2.5(b)-д зааснаар эрдэс баялгийн салбарт “бенефициар өмчлөгч”-ийг ил тод болгох нь татвараас зайлсхийх эрсдэл болон авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, баялгийн тэгш хуваарилалтад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үздэг. Тийм ч учраас Монгол Улс эрдэс баялгийнхаа салбарт “бенефициар өмчлөгч”-ийн мэдээллийн ил тод байдлыг хангах үйл явцыг дэмжиж, “Нээлттэй засаглалын түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-II”, “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” -нд тодорхой арга хэмжээ тусгасан. Эрдэс баялгийн салбарт “бенефициар өмчлөгч”-ийг ил тод болгосноор татварын суурийг багасгаж буй гол хүчин зүйл болох ашиг зувчуулах (BEPS) явдлын эсрэг нэгдсэн дэлхийн бусад улс орнуудтай “бенефициар өмчлөгч”-ийнхөө мэдээллийг харилцан солилцох боломж нээгдэх юм.

Олборлох салбарын засаглалыг сайжруулах зорилго бүхий Төлсөн Авснаа Нийтэл (ТАН) эвслээс “бенефициар өмчлөгч”-ийн мэдээллээ ил болгох хүсэлтийг төрийн өндөр албан тушаал хашиж буй нийт 175 хүнд нээлттэй захидлаар өнгөрөгч тавдугаар сарын 17-ны өдөр хүргүүлж, хүлээн авсан эсэхийг нь магадлан баталгаажуулсан.

Харамсалтай нь эдгээр 175 хүнээс 37 нь л хариугаа ирүүлсэн бөгөөд 30 хоногийн хугацаанд ирүүлсэн 31 хүн, хугацаа өнгөрөөж 2-5 удаа утсаар шаардуулж хариу өгсөн зургаа, огт хариу өгөөгүй 138 албан тушаалтан байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн дарга асан П.Цагаан нарт нээлттэй захидал хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй байна.

УИХ-ын 76 гишүүдээс Н.Амарзаяа, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Ч.Улаан гэсэн дөрвөн гишүүн албан ёсоор хариу ирүүлсэн бол нээлттэй захидалтай танилцсан хэрнээ хариу ирүүлээгүй 43, /56 хувь/ албан захидал хүлээж аваад хариу өгөх шаардлагагүй гэж туслахаараа дамжуулан мэдэгдсэн дөрвөн гишүүн, үлдсэн 25 гишүүн буюу 32,8 хувь нь ямар нэг хариу өгсөнгүй. Түүнчлэн туслахаараа дамжуулан тус хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн хэдий ч албан хариу бичгээр ирүүлээгүй гишүүд ч байгаа юм.

Мөн аймаг, нийслэлийн нийт 62 удирдлага албан тушаалтанд захидал илгээснээс 12 Засаг дарга, 13 ИТХ-ын дарга албан ёсоор бичгээр хариу ирүүлжээ. Эдгээрээс Сэлэнгэ аймгийн ИТХ дарга өөрөө бус харин хамаарал бүхий этгээд буюу төрсөн хүүгээ “Уран Сэлэнгэ “ХХК-ийн хувьцааны 50 хувийг эзэмшдэг, тус компанийн хөрөнгө оруулалтын 50 хувийг оруулсан гэж мэдүүлсэн бол бусад 24 удирдлага олборлох салбарт бенефициар өмчлөгч биш гэсэн байна. Түүнчлэн Засгийн газрын гишүүд, газар, агентлагын 32 албан тушаалтанд захидал хүргүүлснээс зургаан албан тушаалтан л хариу ирүүлсэн байна.

Улс төрд нөлөө бүхий этгээдүүд бодит байдал дээрээ олборлох салбар дахь “Ашиг хүртэгч жинхэнэ эзэн” гэдгээ ил болгохыг хүсэхгүй байгааг харахад эдгээр эрх мэдэлтэн нүүрэн дээрээ сайн засаглалыг бий болгоно, авлигыг бууруулна, шийдвэрийг иргэдийн оролцоонд үндэслэж гаргана гэдэг нь худал дүр эсгэлт юм. Олборлох салбар дахь “Ашиг хүртэгч жинхэнэ эзэд”-ийг нээлттэй, ил тод болгохгүйгээр авлига, ашиг сонирхолыг хянах боломжгүй, татварт авах мөнгийг хууль бусаар гувчуулдаг, оффшор бүсэд данс эзэмшдэг улстөрчид улам бүр нэмэгдсээр, тогтвортой хөгжлийг бий болгох тухай тунхаг, амлалтууд нь хоосон хуурамч зүйл болж үлдэх аюулын дохиог үзүүлж байна.

Бидэнтэй холбогдох хаяг: ТАН эвсэл утас: 313207, 7000-6061
ФС: ТАН-эвсэл
email:pwymgl-2006@gmail.com

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.