БНХАУ-ын Эрээн хотод зохиогдох Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 3 талт уулзалт энэ сарын 17-19-ны өдрүүдэд болно. Энэхүү уулзалтын талаар МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэгээс тодрууллаа.
-Тун удахгүй Эрээн хотод болох гурван талт уулзалтаар хэчнээн салбар хуралдаан болох вэ? Энэ удаагийн уулзалтын онцлог болон ямар асуудлаар гэрээ хэлэлцээр хийх вэ?
– “Бүс ба замын боломжийг түшиглэн эдийн засгийн хамтын ажиллагааны коридорыг бий болгох нь” сэдэвт Хятад, Монгол, Оросын эдийн засаг арилжаа худалдааны хамтын ажиллагаа-2018 форум болон жижиг дунд аж ахуйн нэгжийн хил дамнасан цахим худалдааны дээд хэмжээний чуулга уулзалт Эрээн хотын Олон улсын хурлын ордонд болох юм.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү уулзалтаар бид нэг асуудлаа давтах бус, аливаа шинэ зүйлийг эрэлхийлж, ахиц гаргахыг зорих болно.
Монгол Улсын Засгийн газрын бодлого юунд чиглэж байгаа, бодлоготойгоо уялдуулан чөлөөт бүсээ хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсад байгаа давуу талуудыг хоёр хөршийнхөө бизнес эрхлэгчдэд танилцуулах их чухал. Энэ удаагийн уулзалтаар 5 салбар хуралдаантай. Ялангуяа худалдааг хөнгөвчлөх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өрнүүлэх чиглэлээр худалдааг хөнгөвчлөх үндэсний зөвлөлөөс Монгол дахь худалдааны нөхцөл байдлыг сайжруулах талд тодорхой саналуудтай оролцоно. Яам, агентлагийн төлөөлөгчид хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хотын аялал жуулчлалын газартай хамтран нэлээн санал дэвшүүлж оролцохоор бэлдэж байна.
Цаашдаа хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Монгол, Хятадын экспог улам чанаржуулах, өмнө нь гарч байсан бэрхшээлүүдийг даван туулах, гаалийн татвар болон бусад горимуудыг тодорхой болгох талаар тусгай уулзалтыг зохион байгуулахаар ярилцаж байна. Түүнчлэн гурван талын Танхимуудын уулзалт болно. Эдгээр арга хэмжээнд зөвхөн хувийн хэвшил бус Төрийн оролцоо маш чухал. Нөгөө талаас энэ уулзалтаар голчлох нэг зүйл бол Европын холбооноос Монгол Улсад олгож буй хөнгөлөлтийн системийг сурталчлах бодолтой байна.
Монголдоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, гарах гарцаа зөв тодорхойлбол Европын холбооны зах зээл нээлттэй.
Манай улс Японтой чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байгаа хэдий ч Японы зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүн борлуулалт харьцангуй бага байна. Эдгээр боломжуудыг форумд оролцож байгаа бизнес эрхлэгчдэд сурталчлан таниулах нь чухал юм. Мөн Европын холбоотой Япон улс чөлөөт худалдааны гэрээ хийсэн болохоор ерөнхийдөө бид нэвтрэхэд нээлттэй гэсэн үг. Хөрөнгө оруулагчдын сонирхол Монголд татагдсан хэвээр байгаа боломжийг бид өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх ёстой. Тэгэхийн тулд өөрсдийн давуу талууд, боломжтой нөхцөлөө байнга танилцуулж байх нь зүйтэй гэж бодож байна.
– Хил орчмын худалдааг хөгжүүлэх, өргөжүүлэхэд ямар бэрхшээл байна вэ. Тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?
– Монгол Улс далайд гарцгүй улс болохоор дэлхийн зах зээл рүү гаргахад БНХАУ, ОХУ-ын хилээр дамжиж бараа бүтээгдэхүүний худалдаа, экспорт, импортоо хийж байна. Хамгийн гол нь хоёр хөрштэйгөө Засгийн газрын хэмжээнд худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хийгээгүйгээс болж бизнес эрхлэгчдэд хүндрэл бэрхшээл учирсан хэвээрээ байна. Ялангуяа, транзит тээврээр Европын холбооны болон бусад орнуудаар далайн чиглэлээр дамжин ирж байгаа бүтээгдэхүүнийг хоёр орны хоорондох хорио цээрийн гэрээ хэлэлцээр байхгүй гэдэг үүднээс тодорхой хэмжээгээр саатах явдал байсаар байна. Тухайлбал, ХАА-н болон малын гаралтай бүтээгдэхүүн орж ирэхэд бэрхшээл бий. Гэхдээ эдгээрийг даван туулахын тулд Евро-Азийн эдийн засгийн зөвлөлтэй Монгол Улс чөлөөт худалдааны хэлэлцээр хийх нь шууд утгаараа манайд тийм ч ашигтай биш хэдий ч ядаж л тарифын болон тарифын бус хөнгөлөлтийг авч, ОХУ болон гишүүн 5 орных нь хилээр дамжин бусад зах зээлд гарахад маш их нэмэр болох юм. Жишээлбэл, бид ОХУ-ын Эрхүү, Улаан-Үдийн үзэсгэлэн яармагт бизнес эрхлэгчдийгээ оролцуулахад ноос ноолууран гол экспортын бүтээгдэхүүнд 40 гаруй хувийн гаалийн татвар төлөөд ямар ашигтай гэрээ, наймаа хийх гэдэг нь ойлгомжтой. Энэ хүндрэлүүдээс болоод ОХУ-ын хил орчмын худалдаа Сибирийн район, Өвөрмонгол гэхчлэн маш том зах зээл байна. Тиймээс хөршүүдтэйгээ түүхий эдээ боловсруулан, нэмүү өртөг бүтээж, энэ зах зээлд гарах боломж их байгаа хэдий ч хууль эрх зүйн орчин таатай бус байна. Тиймээс Засгийн газрын хэмжээнд хорио цээр болон бусад гааль, төрийн байгууллагуудын хоорондох хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдийг яаралтай байгуулах хэрэгтэй. Нөгөө талаас манай Танхим 21 аймагт салбар танхимаараа дамжуулан хил орчим оршиж байгаа аймаг, сумд, хилийн худалдааг өргөжүүлэх чиглэлээр салбар танхимууд Хятадын болон ОХУ-ын салбар танхимуудтай маш ойр хамтарч ажиллаж байгаа. Энэ ч утгаараа хил худалдааг хөгжүүлэх, үзэсгэлэн яармаг зохион байгуулахад тодорхой хэмжээний гэрээг хийхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Түүнчлэн зүүн бүсийн аймгууд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгууд хил залгаа оршдог ОХУ болон Хятадын компаниудтай хамтарсан бизнес форум зохион байгуулах, бизнес эрхлэгчдийг холбох үйл ажиллагааг явуулж байна.
– Чөлөөт худалдааны бүсүүдээр дамжуулан хамтын ажиллагаа, худалдаа хийж байгаа ямар орнууд байна, энэ талд хийгдэж буй ямар ажлууд байна вэ?
– Монгол Улсыг аваад үзвэл хоёр хөршийн хилийн ойролцоо чөлөөт бүс гээд олон жил ярьсан. Тухайлбал, Алтанбулаг чөлөөт бүсийн хувьд бага зэргийн үйл ажиллагаа явуулсаар, харин Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүс ярихаас хэтрэхгүй барилга байгууламж, дэд бүтэц нь бий болоогүй ийм нөхцөлд бид хөрөнгө оруулагчдад танилцуулах төдий л байна. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татчих зүйл одоогоор алга л байна. Нөгөө талаас хөрш орнуудын худалдаа аж үйлдвэрүүдийн танхимууд манай Танхимд чөлөөт бүсийн танилцуулгыг хийж, Монголын хөрөнгө оруулагчдыг уриалан дуудан, хамтарсан компани, үйлдвэр байгуулах талаар танилцуулга хийж байгаа. Эрээнд байгуулсан чөлөөт бүс Хятадын тал Монголтой худалдаагаа илүү нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Манайхаас үзэсгэлэн, яармаг зохион байгуулахад чөлөөт бүсээр дамжуулан татвараас чөлөөлнө гэсэн нөхцөлийг бидэнд өгч байгаа.
Манай компаниуд сүүлийн жилүүдэд үзэсгэлэнд оролцож сурч байгаа нь бараа бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодлоос харж болох юм. Мөн үүний хажуугаар анхаарах зүйл ч бий. Үзэсгэлэнг дурын хүмүүс зохион байгуулж компаниуд, хувь хүмүүсийг хохироосон асуудлууд их гарч байгаа. Нөгөө талаасаа ч Хятадын талын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Худалдаа дэмжих хорооноос мэргэжлийн байгууллагууд үүнд анхаарах талаар манайд санал ирүүлсэн. Энэ төрлийн үзэсгэлэн худалдааг зөвхөн мэргэжлийн худалдааны танхимуудаараа дамжуулан хийх хэрэгтэй гэдэгт бид ч санал нийлж байна.
-Ярилцсанд баярлалаа
9 цагийн өмнө
14 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.